Зөрчлийн тухай хуулийг 2017 онд баталсан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш эрх бүхий байгууллагаас нийт 7.6 сая зөрчилд шийтгэл оногдуулсан байна. Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалт, хэрэгжилт дээр олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл байгаа. Тэгвэл УИХ-ын энэ хаврын чуулганаар зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм.
- Зөрчлийн тухай хууль хэрэгжиж буй хугацаанд бүртгэгдсэн нийт зөрчлийн 95-аас дээш хувийг цагдаагийн байгууллага шалгаж, шийдвэрлэжээ. Дээрх хугацаанд цагдаагийн байгууллагын хэмжээнд нийт 7.3 сая орчим зөрчил бүртгэгдсэн байна.
- Жилд дунджаар 1.9 сая зөрчил бүртгэгддэг байна. Нийт зөрчлийн 93 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байгаа юм.
- Хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2017 оноос хойш 2021 оны эхний 5 сарын байдлаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь бэлэн бус хэлбэрээр нийт 168 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 73 тэрбум 339 сая төгрөгийн торгох шийтгэл өнөөг болтол төлөгдөөгүй байна.
- Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлүүдийг авч үзвэл 3.5 хувь нь олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан, 0.2 хувь нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчсөн, 0.4 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн, 4.4 хувь нь танхайрсан, 0.03 хувь нь тамхины хяналтын тухай хууль зөрчсөн зөрчлүүд байгаа бол 3.8 хувь нь бусад төрлийн зөрчлүүд байжээ.
Зөрчлийн тухай хуулийг анх батлагдах үед олон нийт шууд торгох, шийтгэхээр хуульчилж байгаад дургүйцлээ илэрхийлж байсан. Харин энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслөөр зарим заалтыг хөнгөвчлөх, зармыг нь хүндрүүлэхээр зохицуулагдаж байгаа юм. Тэр дундаа сануулах шийтгэл шинээр орж ирж байгаа нь зөв ч анхаарах ёстой зарим төрлийн зөрчилд сануулах нь үр дүн муутай гэж байна.
Шийтгэлийн шинэ төрөл болох сануулах шийтгэлийг тусгай ангийн нийт 88 зөрчлийн үйлдэлд хүнд, 21 зөрчлийн үйлдэлд хөнгөн оногдуулахаар тусгасан байгаа юм. Мөн зарим зөрчилд торгох шийтгэлийн хэмжээг дээд, доод хязгаартай байхаар тусгажээ. Зөрчлийн тухай хуулиар торгуулсан мөнгөн төлбөр хугацаандаа төлөгдөхгүй байгааг зохицуулах шаардлагатай гэдгийг ч гишүүд хэлж байлаа.
Манай улсад торгох шийтгэлийн биелэлт ялангуяа бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгох шийтгэлийн биелэлт туйлын хангалтгүй байдаг гэлээ. Энэ нь зөрчлийн үйлдэлд оногдуулсан шийтгэлийг иргэн, хуулийн этгээдэд зарим нь биелүүлдэг, зарим биелүүлдэггүй байдал бий болох хандлагатай байгаа юм. Тиймээс зөрчлийн хуульд өөрчлөлт оруулж байгаа нь энэ юм байна.