Цар тахлын нөлөөгөөр 2780 ЖДҮ эрхлэгч ААН үйл ажиллагаагаа зогсоожээ

“ Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдэл 2022 ” хэлэлцүүлэг өчигдөр буюу пүрэв гарагт боллоо. Энэ удаагийн хэлэлцүүлэг нь нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдлийг хайсан арга хэмжээ болжээ.

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт 43.000 аж ахуй нэгж, 67.500 гаруй иргэн ажиллаж байна. Тэгвэл цар тахлын сөрөг нөлөөнд 2780 аж ахуй нэгж үйл ажиллагаа нь доголдож зогссон  бол үйл ажиллагаагаа эрхэлж байгаач санхүүгийн хүнд нөхцөлд байгаа 28.000 аж ахуй нэгж  байна. Энэ нь нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийн 90 хувь нь цар тахлын улмаас хүндрэлтэй нөхцөлд орсон байна гэсэн үг юм. Иймд жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг цар тахлын дараах үеийг даван туулхад улсын зүгээс дэмжлэг үзүүлэж байна.

Хүнд үеийг даван туулахын тулд жижиг дунд үйлдвэрлэлд зөвхөн хөрөнгө мөнгөөр дэмжлэг үзүүлэхээс гадна, шинжлэх ухаан, технологи, инновацын үр дүнд бий болсон шинэлэг санаа, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчлах хэрэгтэй байгаа гэлээ.  

Хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг эзэлдэг жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын хувьд  эдийн засгийн бүтээмж, үр ашиг харьцангуй бага байгаа тул инновац, технологи, шинэлэг санааг эрэлхийлэх ёстой гэж салбарынхан үзэж байна.  Импортын бараа бүтээгдэхүүнийг орлох үндэсний үйлдвэрлэл зайлшгүй хэрэгтэйг мөн онцолсон юм.