ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хорт хавдрын улмаас хагалгаанд орох шаардлагатай байгаа тул Украин дахь дайны хяналтыг өөр хүнд шилжүүлэхээс аргагүйд хүрээд байгаа талаар тус улсын дотоодын эх сурвалжууд “Daily mail” агентлагт мэдээлжээ. Мөн “Daily mail” агентлагийн мэдээлснээр Путин өөрийн эрх мэдлийг одоогийн ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевт шилжүүлэхээр зэхэж байгаа юм байна.
Уг мэдээллийг Оросын эрх баригч намын албаны хүн олон нийтэд танилцуулсан нь баттай тул үнэн байх магадлал өндөр гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ тус улсын үндсэн хуулийн дагуу Путины эрх мэдлийг Ерөнхий сайд Михайл Мишустинд олгох ёстой ч Украин дахь нөхцөл байдалтай холбоотойгоор цэргийн стратегич Патрушев Кремлийн шинэ удирдагчаар нэрлэгдэж байгаа гэжээ.
Энэ сарын эхнээс Путины эрүүл мэндийн асуудлын талаарх мэдээллүүд ОУ-ын хэвлэл мэдээллээр ихээхэн нийтлэгдэж байгаа юм. Түүнийг ялалтын баяр хүртэл мэс засал хийлгэхээ түр хойшлуулаад байгаа талаарх мэдээллүүд ч гарсаар байна. Путины эрх мэдлийг гүйцэтгэх Патрушев нь 70 настай, дайны стратегид гол үүрэг гүйцэтгэж буй хүн бөгөөд Киевийг Неонацистуудаар дүүрсэн гэж Путинд итгүүлсэн хүн гэж өрнөдийн шинжээчид үзэж байна.
Үүнээс гадна ОХУ-ын төрийн тэргүүн сүүлийн 10 гаруй жилийн турш цэргийн төсвөө хоёр дахин нэмэгдүүлсэн ч зэвсэгт хүчнийх нь чадамжгүйгээс болж Украин дахь цэргийн тусгай ажиллагаа нь бүтэлгүйтэж байна гэж Их Британийн батлан хамгаалах яамнаас мэдэгджээ. Мөн Орос улс Украиныг түрэмгийлж эхэлснээс хойш нийт цэргийн хүчнийхээ дөрөвний нэгийг алдаад байна гэж мэдээлжээ.