Өнгөрсөн лхагва гарагт Европын комиссын тэргүүн Урсула Фон Дер Ляйен ОХУ–ын эзлэн түрэмгийллийн эсрэг авч хэрэгжүүлэх 6 дахь багц хориг арга хэмжээг парламентдаа танилцуулжээ. Ээлжит хоригт Оросын газрын тосны импортыг бүрэн зогсоох арга хэмжээ багтсан байна.
Мөн Украины Буча тосгон, Мариуполь хотод дайны гэмт хэрэг үйлдсэн Оросын армийн өндөр албан тушаалтнуудыг хоригт нэмэхээр болжээ. Түүнчлэн Оросын хамгийн том банк Сбербанкыг олон улсын гүйлгээний SWIFT системээс гаргах, Оросын төрийн өмчит гурван том телевизийн сувгийг Европын холбооны орнуудад кабель, хиймэл дагуул, интернэтээр дамжуулахыг хориглох шийдвэр ч энэхүү хоригт багтсан байна. Газрын тосны хоригийг хэрэгжүүлэхдээ эхлээд зургаан сарын дотор уг бүтээгдэхүүний импортыг хориглож, 2022 онд багтаан газрын тосны бусад бүтээгдэхүүний импортыг хориглохоор болжээ. Харин Европын холбооны гишүүн 27 улсаас Унгар, Словак улсууд газрын тосны хоригийг эсэргүүцсэн байна. Эдгээр улсуудын онцгой нөхцөл байдлыг харгалзан үзээд энэ удаа хоригийн гадна үлдээж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь эдгээр улсууд ОХУ-аас сүүлийн 20 гаруй жилийн турш эрчим хүчнийхээ 90-ээс дээш хувийг авч байгаа тул дээрх хоригт нэгдэхэд тодорхой хугацаа хэрэгтэй байгааг онцолжээ. Бусад гишүүн улсууд нь зургаан сарын дотор бусад эх үүсвэрээс газрын тос авахаар зохицуулах ёстой байна.
“ОХУ-д үзүүлэх дарамт шахалтаа дээд хэмжээнд нь хүргэхийн хажуугаар бид өөртөө болон холбоотнууддаа ирэх хохирлыг хамгийн бага байлгахад анхаарах ёстой. Бид энэ дайнд Украиныг ялаасай гэж хүсэж байна” хэмээн Европын комиссын тэргүүн хэлсэн байна.