Өнгөрсөн 3-р сард АНУ-ын худалдааны алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ

АНУ-ын худалдааны алдагдал 3 дугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрсэн бөгөөд дотоодын хүчтэй эрэлтийн улмаас импортын хэмжээ өссөн байна. АНУ-ын худалдааны яамнаас нийтэлсэн тоо баримтаас харахад, өнгөрсөн 3-р сард бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний худалдааны алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар өсөж 109 тэрбум ам.долларт хүрчээ.

Өмнө нь “Блүүмберг” агентлагийн санал асуулгад оролцсон эдийн засагчдын дундаж таамаглал 107 тэрбум ам.долларт хүрнэ гэж үзэж байжээ. Энэ оны эхний улиралд АНУ-ын эдийн засаг цар тахлын сэргэлтээс хойших хамгийн муу үзүүлэлттэй байснаас гадна ДНБ нь жилийн 1.4 хувиар буурчээ. Үүний гол шалтгаан нь худалдааны алдагдал голлон нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн засгийн газрын мэдээллээр, цэвэр экспорт эхний улиралд ДНБ-ээ 3.2 хувиар бууруулжээ. 3-р сард бараа, үйлчилгээний импорт 10.3 хувиар өсөж 351 тэрбум ам.долларт хүрсэн бол экспорт 5.6 хувиар өсөж 241.7 тэрбум ам.долларт хүрчээ. Улмаар импорт экспортын зөрүүний алдагдал 100 тэрбум ам.долларыг давсан байна. Барааны импорт 12 хувиар нэмэгдэж 298.8 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон нь газрын тос зэрэг аж үйлдвэрийн хангамжийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөнийг харуулжээ. ОХУ Украин руу довтолсны дараа эрчим хүчний үнэ огцом өсөж, өргөн хэрэглээний бараа, тоног төхөөрөмж, автомашины импорт мөн өссөн байна. Инфляцийг харгалзан тооцвол 3-р сард АНУ-ын бараа, худалдааны алдагдал 22 хувиар нэмэгдэж, 109 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоожээ. Түүнчлэн АНУ-ын инфляцийн түвшин сүүлийн 40 жилийн хугацаан дахь дээд үзүүлэлтэд хүрээд байгаа юм. Улмаар тус улсын Төв банк өнгөрсөн пүрэв гарагт болсон 5-р сарын мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ 0.5 нэгжээр өсгөж 1 хувьд хүргэжээ.