Торгуулиа хугацаанд төлөөгүй тохиолдолд төрөөс авах үйлчилгээг хязгаарлана

Улсын их хурлын нэгдсэн чуулганаар зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хуулийн төсөлд торгууль шийтгэлийг хугацаанд нь төлсөн тохиолдолд төлбөрийн 50 хувийг хөнгөлөх тухай асуудлыг тусгасан. Харин хугацаандаа төлөөгүй бол зарим төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлахаар болж байгаа юм.

Жишээ нь, та 100 мянган төгрөгийн торгуулийг 14 хоног дотор төлбөл 50 мянган төгрөг болно гэсэн үг юм. Өмнө нь торгууль төлөхөд банканд дараалал үүсэх, хугацаандаа төлөхгүй байх асуудлууд байнга гардаг байсан. Үүнийг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөрчлийн бүртгэлийн мэдээллийн системээр энэ асуудлыг нэг мөр шийдэх юм байна. Жишээлбэл торгуулийн төлбөрийн системийг И-Монголиа болон НӨАТ-ын баримт уншуулдаг системтэй холбох ажлыг хийхээр төлөвлөжээ.

Торгуулиа хугацаанд төлөөгүй тохиолдолд төрөөс авах үйлчилгээг хязгаарлах юм. Үүнд жолооны үнэмлэх нөхөж авах, сунгуулах, гадаад паспорт авах, төрийн албаны шалгалт өгөх зэрэг эрхийг хязгаарлахаар хуулийн төсөлд тусгасан байгаа юм. Энэ асуудалд зарим гишүүд сөрөг байр суурийг илэрхийллээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ дэмжсэн. Энэ долоо хоногт анхны болон эцсийн хэлэлцүүлгүүдийг хийнэ.