Эрхтэн шилжүүлэх нас 25 байсныг 21 болгон өөрчлөх хуулийн төслийг өргөн барьжээ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Улсын их хурлын нэр бүхий гишүүд Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Өмнөх хуулиар эрхтэн шилжүүлэх нас 25 байсан бол 21 болгон өөрчлөхөөр оруулж ирсэн байна. Ингэснээр Монгол улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтнээ бусдад шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдэх юм байна. 

Донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан. Харин 2012 онд нэмэлт, өөрчлөлт хийж, Донорын тухай хуулийг 2018 оны 1-р сарын 19-ны өдөр улсын их хурлаас баталсан байдаг. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа донорын хуульд 25 настай иргэн өөрийн аав, ээж, ах дүүгийн төлөө эрхтнээ өгч амь насыг нь аврах боломжтой гэж заасан. Гэтэл 24 настай хүний ар гэрт мөн адил зүйл тохиолдвол хуулиар эрхтнээ өгч чадахгүй болж байгаа юм. Насны хязгаар өндөр байгаатай холбоотой иргэд гадаад улсыг зорьсон хэвээр байна. Бүх эд эрхтэн шилжүүлэх хагалгааг төрөөс даадаг байтал насны хязгаараас болоод хийж чадахгүйд хүрсэн. Тиймээс эрхтнээ хайртай хүмүүстэй өгөх насыг 21 болгох өөрчлөлтийг хуульд оруулж байгаа нь энэ юм. 

Донорын тухай хуулиар амьд болон амьгүй донор гэсэн хоёр ойлголт байдаг. Амьгүй донор нь нас барсан иргэний эрхтнийг шилжүүлэн суулгах явцад юм. Нэг амьгүй донороос зургаан хүний амь насыг аврах боломжтой байдаг байна. Тэгвэл хуулийн өөрчлөлтөөр амьгүй донороос эд эрхтнийг нь авсан тохиолдолд оршуулгын зардлыг даадаг болох юм. Мөн донор болж байгаа иргэн жилд нэг удаа үнэгүй сувилалд амрах өөрчлөлтийг нэмж байгаа гэдгийг хууль боловсруулагчид хэлсэн юм.