Улаанбаатар хотод улсын цэцэрлэггүй 17 хороо байна

Нийслэлийн хэмжээнд нийт 17 хороонд улсын цэцэрлэг байдаггүй юм байна. Эдгээр  хороодын цэцэрлэгийн насны хүүхдүүд сурах эрхээ өнөөдрийг хүртэл эдэлж чадахгүй цоожтой хаалганы цаана үлдэх, харьяаллын бус цэцэрлэгт орохын тулд хахууль өгөх, хувийн төлбөртэй цэцэрлэгт орох зэргээс өөр сонголтгүй байна. Тэгвэл СБД-ийн 9-р хорооны эцэг эхчүүд амьдран суудаг хороондоо яаралтай улсын цэцэрлэгтэй болгож өгөхийг шаардан үзэл бодлоо илэрхийлжээ.

СБД-ийн 9-р хороонд цэцэрлэгийн насны 729 хүүхэд байдаг. Гэвч одоо хүртэл тэдгээр хүүхдийг хамруулах улсын цэцэрлэг тус хороонд байдаггүй. Энэ талаар хороо дүүргийн Засаг дарга болон нийслэлийн удирдлагуудад удаа дараа хэлсэн ч өнөөг хэр нь асуудлыг шийдвэрлэж өгөөгүй байна.

2013 онд СБД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэг байгуулах төсвийг улсаас баталсан байна. Гэвч цэцэрлэг барих газрын асуудал нь шийдэгдэхгүй байсаар өнөөг хүрсэн тул төсөв нь өөр төсөлд ашиглагджээ. Тус дүүргийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл цэцэрлэгтэй болох шаардлагатайг мэдэгдсээр байгаа ч хорооны зүгээс газрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгааг хэлжээ.

Тэгвэл нийслэлийн боловсролын газраас цэцэрлэг байхгүй 17 хороонд шаардлагатай бүтээн байгуулалтыг хийж цэцэрлэгтэй болгох ажлыг хэрэгжүүлж байгаа гэсэн тайлбарыг өгч байна.

Улсын хэмжээнд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад 270 гаруй цэцэрлэг шаардлагатай. Энэ хэмжээний цэцэрлэгийг богино хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх гаргалгаа гаргаж  Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Тэгвэл энэ  дэмжлэгийн хүрээнд эхний ээлжид нийслэлд улсын цэцэрлэггүй 17-н хороондоо цэцэрлэг барих шаардлагатай байна гэж эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байна.