Дэлхийн 20 гаруй улсын 300 орчим бага насны хүүхдээс Гепатитын нууцлаг вирусний халдвар илрээд байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Мөн уг вирусний халдварын тохиолдлууд анх Их Британид бүртгэгдэж эхэлснээс хойш 5 хүүхэд эндээд байгааг АНУ-ын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.
Гепатитын нууцлаг вирус бага насны хүүхдэд халдварласан 300 орчим тохиолдол дэлхийн 20 гаруй улсад илрээд байна. Хүний элэгийг ноцтой гэмтээж буй шинэ төрлийн уг вирус нь анх Их Британид илэрчээ. Одоогоор халдварын тохиолдлууд дотроос 5 эндэгдэл бүртгэгдээд байна. Тохиолдлуудын ихэнх нь Европ тивд илэрсэн бол Америк тив, Номхон далайн бүс нутаг, Зүүн өмнөд Азид хэд хэд бүртгэгджээ.
Халдварын хамгийн анхны тохиолдол Шотландад 10 орчим настай хүүгээс илэрч байжээ. Үүнээс хойш Их Британи даяар 140 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Тэдгээрийн ихэнхэд нь элэгний бага зэргийн үрэвсэл ажиглагдсан бол 20 хүүхдэд нь элэг шилжүүлэн суулгах шаардлагатай нөхцөл байдал үүсжээ. Халдвар авсан хүүхдүүдэд бөөлжих, суулгах, арьс, нүдний цагаан шарлах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа юм байна. Элэгний A, B, C, D, E вирусээр халдварласан тохиолдолд хүүхдүүдээс дээрх шинж тэмдэг илэрдэггүй байна. Түүнчлэн халдвар авсан хүүхдүүдийн 90 гаруй хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болжээ.
Тэгвэл АНУ-ын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн эрдэмтэд тэдний судалж буй вируст Гепатитын бүх тохиолдлууд нэг үүсгэвэртэй байгаа гэдэгтэй санал нэгдсэн байна. Харамсалтай нь эх үүсвэрийг олж тогтооход хугацаа хэрэгтэйгээс гадна ОУ-ын эрдэмтдийн өргөн хүрээний хамтарсан судалгаа хийх шаардлагатай байгаа юм байна.
Одоогоор АНУ-д 100 гаруй хүүхдээс нууцлаг Гепатитын тохиолдол илэрсэн бөгөөд уг халдварын улмаас амиа алдсан 5 тохиолдол бүгд тус улсад бүртгэгджээ.
Зарим судлаачид “Ковид-19”-ийн халдварын дараа ердийн Гепатит вирус идэвхэжсэн нь ийм үр дүнд хүргэж байж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлжээ. Энэ нь цар тахлын үед олон нийтээс тусгаарлагдсаны улмаас Гепатит вирусийн халдвар аваагүй байсан хүүхдүүдийн дунд тархалт нэмэгдсэн байж болзошгүй гэж үзэж байна. Нууцлаг вирусний тархалтын шалтгаан, үүсгэгчийн судалгаа үргэлжилж буйг ДЭМБ-аас мэдээлж байна.