Өнгөрсөн 2-р сарын 24-нд ОХУ Украин руу халдан довтолсноос хойш Украин улс нийт 12 тэрбум ам.долларын зэвсэг, санхүүгийн тусламжийг гадаад улсаас хүлээн авсан байна. Украины Ерөнхий сайд Денис Шмихаль бямба гарагт Польшийн нийслэл Варшав хотноо болсон өндөр түвшний хандивлагчдын уулзалтын үеэр Украиныг тууштай дэмжиж байгаа олон улсын хамтын нийгэмлэгт талархал илэрхийлжээ.
Уг уулзалтыг Польш, Швед, Европын комисс, Европын зөвлөлийн удирдлагууд хамтран зохион байгуулсан бөгөөд ОХУ-ын түрэмгийллийн улмаас Украины эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт үзүүлж буй нөлөөг арилгах зорилготой юм.
Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкигийн хэлснээр, Украинд зориулж хөрөнгө босгох олон улсын хандивлагчдын тус уулзалтаар 6.5 тэрбум ам.доллар цугларчээ. Франц, Финланд, Чех, Хорват болон бусад улс орнууд Украины хүмүүнлэгийн үйлс болон цэргийн үйл ажиллагааг дэмжихийн тулд олон сая Евро хандивлахаа амласан байна.
Мөн Европын холбооны зүгээс Украины орон гэргүй болсон дүрвэгсдэд 200 сая Еврогийн тусламж үзүүлэхээ амлажээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон цахимаар уг уулзалтад оролцох үеэрээ хэлэхдээ, Франц улс энэ онд Украинд үзүүлэх санхүүгийн тусламжаа 1 тэрбум ам.доллароос 2 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлнэ гэжээ. Мөн дайны дараах сэргээн босголтод Францын төрийн тэргүүн шуурхай тусламжийг цаг алдалгүй үзүүлэхээ мэдэгдсэн байна.