Казахстан, Турк улсууд цаашдын хамтын ажиллагааны 14 гэрээ хэлэлцээр байгуулжээ

Лхагва гарагт Туркийн Анкарад айлчилсан Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хоёр улсын стратегийн түншлэлийг өргөжүүлэх шинэ гэрээг Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдогантай байгуулжээ. Хоёр улсын хооронд нийт 14 гэрээ байгуулагдсаны нэг нь батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны гэрээ юм. 

Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Казахстан улсыг “Бүх түрэг угсаатны түүхэн газар шороо” хэмээн нэрлэсэн бол Турк улсыг “Казахстан иргэдийн хоёр дахь эх орон” хэмээн нэрлэжээ. Турк улс нь 1991 онд Зөвлөлт холбоот улсыг задран унасны дараа Казахстаны тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч байсан юм. Мөн 1992 онд гадаад орнуудаас хамгийн түрүүнд элчин сайдын яамаа Казахстанд нээсэн байна.

Талууд мөн Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, Казахстаны төрийн тэргүүн Касым-Жомарт Токаев Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндлэхээ илэрхийлсэн бол Туркийн Ерөнхийлөгч Эрдоган “Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэх, Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх дээр хоёр улс ижил байр суурьтай байна” хэмээн хэлжээ. 

Казахстаны Ерөнхийлөгч Токаев уулзалтын дараагаар хийсэн мэдэгдэлдээ Хятад улсыг Европтой холбох ачаа тээврийн шинэ зам хоёр улсын хамтын ажиллагаанд нэн чухал болохыг онцолсон байна. Транс-Каспийн олон улсын тээврийн замын боломжийг бүрэн ашиглах нь хоёр улсын хувьд маш чухал гэж Токаев онцлон тэмдэглэжээ. 2017 онд анх байгуулагдсан уг зам нь Каспийн тэнгис, хар тэнгисийн усан замыг Хятад, Казахстан, Турк, Украин, Польшийн нутгийг дамнасан төмөр замтай холбодог байна.