Монгол Улсын жижиг дунд үйлдвэр, тэр дундаа гарааны бизнесийн компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээндээ оюуны өмчийн патент авах тал дээр төдийлэн анхаардаггүй учраас олон улсад гарах боломжгүй байдаг байна. Одоогоор жижиг дунд үйлдвэрийн салбарт олон улсад оюуны өмчийн эрхээ авсан инновацлагдсан бүтээгдэхүүн нэг ч байхгүй гэлээ.
Инновацлагдах гэдэг нь товчоор хэлбэл шинэ бүтээмж, шинэ санааг эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгө олох гэж ойлгож болно. Манай улсын ЖДҮ-ийн салбар инновацлагдсан бүтээгдэхүүнийг дотооддоо аль хэдийнээ ашиглаж өгөөжийг нь хүртэж эхэлжээ. Гэвч энэ салбарт шинэ бүтээгдэхүүний санааг хэрэгжүүлэгч инновацлагдсан бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гэдгээ мэддэггүй хүмүүс ч цөөнгүй байдаг байна.
ЖДҮ-ийн салбар одоогоор зөвхөн дотооддоо инновацлагдаж байгаа учраас гадагшаа гаргах бараа бүтээгдэхүүнүүдийн хувьд оюуны өмчөөр эрхээ авч албан ёсоор дэлхийн зах зээл дээр гарсан бүтээгдэхүүн байхгүй байна. Энэ нь ЖДҮ-ийн салбар инновацлагдхад маш олон бэрхшээл байгааг илтгэж байгаа юм.
Манай улсын хувьд бараа бүтээгдэхүүний инновацлагдсан шинэ санаа төслүүд албан ёсоор бүртгэгдсэн нь 10000 байна. Үүнээс 5000 нь хөдөө аж ахуйн салбарт байгаа юм. Эдгээрээс гадна шинэ санаа төслүүдийг гаргасан ч санхүүгийн шалтгаанаас болоод албан ёсны патент эрхээ аваагүй олон тохиолдол байдаг байна. Үүнийг дэмжихээр төрөөс дэмжлэг үзүүлж эхэлсэн байна.
Хэрэв жижиг дунд үйлдвэрлэл амжилттай инновацлагдаж хөгжиж улмаар олон улсад гарвал Монгол улс хэрэглэгч орноос бүтээгч орон болох боломжтой юм.