АНУ-аас манай улсад “Пфайзер” вакцины нэг сая тун нийлүүлнэ

Монгол улсын Ерөнхий сайд АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзжээ. Манай улс Ковакс хөтөлбөрөөр дамжуулан 5-11 насны хүүхдийн вакцин нийлүүлэх хүсэлтийг энэ оны нэгдүгээр сард хүргүүлсний дагуу АНУ-ын Засгийн газар, Ковакс хөтөлбөрийн шугамаар манай улсад пфайзер вакцины нэг сая тун нийлүүлэхээр болсныг  уулзалтын үеэр элчин сайд хэлсэн байна.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэх эрхт элчин сайд хэлсэн үгэндээ Монгол Улс цар тахлын үед иргэдээ вакцинжуулахад анхаарч, зөв тактик барьж ажилласан нь олон улсад үнэлэгдэж байгааг хэлсэн байна. Мөн вакцины нэг, хоёрдугаар тунд хүн амынхаа 60 гаруй хувийг хамруулж чадсан нь оновчтой шийдэл байсан гэдгийг онцолжээ. Уулзалтын үеэр талууд хоёр улсын гадаад хөрөнгө оруулалт болон олон улсын нөхцөл байдлын талаар мөн санал солилцсон байна. Энэ онд Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа. Хоёр улс ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй стратегийн түнш орнууд юм.