Украинд эхэлсэн дайны улмаас Европын холбоо Оросын эрчим хүчний хамаарлыг бууруулах зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа юм. Үүнтэй холбогдуулан энэ оны 3-р сард Европын холбооны эрх баригчид “Repower” гэж нэрлэсэн стратеги төлөвлөгөөнийхөө эхний хувилбарыг танилцуулсан юм.
Уг төлөвлөгөөний дагуу 2022 оны сүүлээр Оросын хийн импортыг гуравны хоёроор бууруулах зорилго тавьсан. Тэгвэл өчигдөр Европын холбооны удирдлагууд 2030 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөнийхөө дэлгэрэнгүй хувилбарыг танилцуулжээ.
Төлөвлөгөөний дагуу Европын холбоо гурван чиглэлд идэвхтэй ажиллах зорилго тавьсан байна. Үүнд эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний өргөжүүлэлт, Оросын бус байгалийн хий, газрын тосны эх үүсвэр гэсэн гурван чиглэл төлөвлөгджээ.
Ирэх таван жилийн хугацаанд Европын холбоо эдгээр чиглэлд 300 тэрбум евро зарцуулахаар болсон байна. Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний олон эх үүсвэр, цахилгаан дулаан хэмнэх гэсэн 3 чиглэлд хөрөнгө оруулалт хийхээ Европын комиссын тэргүүн Урсула Фон Дер Лейен лхагва гарагт мэдэгджээ. Төлөвлөгөөний дагуу 2030 он гэхэд Европын холбоо эрчим хүчний хувьд ОХУ-аас ямар ч хамааралгүй болно гэж тооцоолж байгаа гэжээ.