Африк тивээс гаралтай сармагчны цэцэг өвчний вирус хүнд халдварласан тохиолдлууд бүртгэгдсээр байна. Энэ сарын эхээр анх Их Британид нэгэн ижил хүйстэн хосуудаас уг өвчний вирус илэрч, тархалт нэмэгдсээр өнгөрсөн лхагва гарагт АНУ-д нэг тохиолдол бүртгэгджээ.
Африк тивээс гаралтай сармагчны цэцэг өвчний вирус хүнд халдварласан ховор тохиолдлууд Европ тивийн орнуудад дараалан илэрлээ. Олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлж буйгаар хамгийн сүүлд буюу өнгөрсөн лхагва гарагт АНУ-д нэг сэжигтэй тохиолдол илэрчээ. Мөн Испани улсад уг халдварын 23 сэжигтэй тохиолдол илэрснийг өчигдөр тус улсын эрх баригчид зарлажээ. Тохиолдлууд бүгд нийслэл Мадрид хотоос илэрсэн байна. Сармагчны цэцэг өвчний хувьд амьтнаас амьтанд амьсгалын замаар халдварладаг. Харин уг вирус хүнээс хүнд бэлгийн харьцааны үеэр арьс салстаар дамжсан гэдгийг эрдэмтэд олж тогтоожээ. Сэжигтэй тохиолдлуудыг одоогоор гэр гэрт нь тусгаарлан ажиглаж байгаа, шаардлагатай бол эмнэлэгт хэвтүүлэхээр бэлдэж байна гэжээ.
Испанийн хөрш Португал улсад сармагчны цэцэг өвчний вирус хүнд халдсан таван тохиолдол батлагдаж, 15 сэжигтэй тохиолдлыг илрүүлэн судалж эхэлсэн байна. Тохиолдлууд нь бүгд эрэгтэйчүүд байгаа бөгөөд арьсан дээр нь тууралт гарсан шинж тэмдэг илэрсэн гэнэ. Үүнээс өмнөх бүх тохиолдлууд Их Британид анх илэрч байсан юм. Одоогоор тус улсад долоон тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд тэдний дотор саяхан Нигери улсад зорчоод ирсэн нэг хүн байгаа юм. Түүнчлэн хамгийн сүүлд илэрсэн дөрвөн тохиолдол нь бүгд ижил хүйстэн эрэгтэйчүүд юм байна.
Африк тивийн сармагчин, харх зэрэг зэрлэг амьтадтай хэт ойр харьцсан тохиолдолд уг өвчний вирус хүнд халдварлах магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Өмнө цөөн тоогоор уг вирус хүнд халдварлаж байсан ч хүнээс хүнд халдвар дамжих тохиолдол бүртгэгдэж байгаагүй гэжээ.