Шри Ланкийн шинэ Ерөнхий сайд сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд тохиолдож байгаагүй эдийн засгийн хямралтай нүүр тулж байгаатай зэрэгцэн шатахууны нөөц дууссаныг мэдэгджээ. Тэрбээр улсынхаа төв сувгаар иргэддээ хандаж үг хэлэхдээ “Нэн шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөхийн тулд эхний ээлжид 75 сая ам.долларын гадаад валютын нөөц бүрдүүлэх хэрэгтэй байна” хэмээн хэлжээ.
1948 онд Британийн колоничлолоос гарч тусгаар тогтнолоо зарласнаас хойш буюу дал гаруй жилийн түүхэн дэх хамгийн ноцтой эдийн засгийн гүн хямралд автаад байгаа Шри-Ланка улс саяхан улс орноо аврах итгэл хүлээлгэн шинэ Ерөнхий сайдаа томилсон юм. Тэгвэл тус улсын шинэ Ерөнхий сайд Ранил Викремесингхе өнгөрсөн мягмар гарагт телевизээр ард түмэндээ хандан үг хэлжээ. Тэрбээр “Манай улсын шатахууны нөөц дууссан. Ирэх хоёр сарын хугацаа бидний хувьд хамгийн хүнд цаг үе байх болно” гэжээ. Гэхдээ ойрын өдрүүдэд хөрш Энэтхэгээс зээлээр бензин, дизель түлш нийлүүлэх гэж байгааг тэрбээр ард түмэндээ дуулгажээ. Мөн Шри-Ланка улсад зайлшгүй шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүн авахад 75 сая ам.доллар яаралтай хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэжээ.
Тус улсын Төв банкны удирдлагууд төрийн албан хаагчдынхаа цалинг тавихын тулд мөнгө хэвлэх гэж байгаа төдийгүй төрийн өмчит агаарын тээврийн “Шри Ланка Эйрлайнс” компанийг хувьчлах төлөвлөгөөтэй байгаа зэргээ мэдэгдсэн байна. Шри Ланка Эйрлайнс компанийн хувьд өнгөрсөн оны байдлаар 130 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ. Тус улсын эрх баригчид сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хувийн аж ахуйн нэгжүүдийг төрийн мэдэлд шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Улмаар төрийн албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлсэн байна. Ийнхүү аж ахуйн нэгж, компаниудын тоо үлэмж хэмжээгээр буурч бизнесийн салбарт нь нүүрлэсэн хямрал эдийн засгийн ноцтой алдагдалд хүргэж өнөөгийн нөхцөл байдал бий болсон гэж шинжээчид үзжээ. Тэгвэл одоо тус Шри Ланкийн төрийн мэдлийн компанийг яаралтай хувьчилбал улсын мөнгө санхүүгийн байдал тогтворжиход чухал нөлөөтэйг шинэ Ерөнхий сайд нь мэдэгдэлдээ онцолжээ.
Шри-Ланка даяар иргэдийн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн өрнөсний дараа өнгөрсөн долоо хоногт тус улсын Ерөнхий сайд Махинда огцорч, пүрэв гарагт Ранил дараагийн Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ах дүү Махинда нар Шри Ланкийг удирдаж байсан юм. Одоо нүүрлээд байгаа эдийн засгийн хямралд тэдний буруу бодлого нөлөөлсөн гэж Шри-Ланкын иргэдийн дийлэнх хэсэг үзэж байна. Улмаар Засгийн газрын алдаатай бодлогыг эсэргүүцсэн иргэд эсэргүүцлээ илэрхийлсээр байна.