Нийт сурагчдын 6.1 хувь нь өдөрт 6 болон түүнээс дээш ширхэг утаат тамхи тогтмол хэрэглэж байна

Монгол улс 2005 онд тамхины эсрэг хуультай болсноос хойш хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг 2021 онд 4600 төгрөг болгосон байжээ. Харин 2024 он гэхэд 5860 төгрөг болгон онцгой албан татварын хувь хэмжээг нэмнэ хэмээн хуульд заасан ч өнөөг хүртэл цаасан дээр хэрэгжилтгүй хэвээр байгаа юм.

  • Улс орнуудын утаат тамхинд ногдуулсан татварын хувь хэмжээг харвал  шинэ Зеланд нэг хайрцаг тамхинд 36300 төгрөгийн татвартай, Их Британи 18960 төгрөг, Герман 6450 төгрөг, Франц 4120 төгрөгийн онцгой албан татвартай байгаа бол харин Монгол  улс 840 төгрөг байна.
  • Харин цахилгаан тамхинд татвар ногдуулсан орнуудад Герман 1112 төгрөг, Унгар 400 төгрөг, ОХУ 1310 төгрөг, польш 820 төгрөг, Казахстан 110 төгрөгийн онцгой албан татвар ногдуулсан бол Монгол улс онцгой албан татвар ногдуулаагүй байна. 
  • Тэгвэл Монгол улсад 15-аас дээш нас буюу нийт насанд хүрэгчдийн 27.6 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа байна. Энэ нь өдөр бүр 3000 гаруй хүүхэд, 468,000 насанд хүрэгч тамхи хэрэглэж байна гэсэн үе юм.
  • Монгол улсын нийт тамхи татдаг иргэд жилдээ зөвхөн тамхинд 435 тэрбум төгрөгийг зарцуулдаг. Энэ нь бусад улс орнуудаас эдийн засгийн хохирол ихтэй гэсэн ангилалд ордог байна. 

Сүүлийн жилүүдэд тамхины хэрэглээ улам залуужиж байгааг Эрүүл Мэндийн Яамны судалгаа тод харуулж байна. Нийт сурагчдын 6.1 хувь нь өдөрт 6 болон түүнээс дээш ширхэг утаат тамхи тогтмол хэрэглэдэг гэж гарчээ. Мөн сурагчдын 82.9 хувь нь дэлгүүр түргэн үйлчилгээний цэг, гар дээрээс тамхи худалдан авдаг. 5.4 хувь нь тамхины компаниудаас сурталчилгаа хэлбэрээр үнэгүй авсан байна.

Хуулиараа сургуулийн орчинд аль ч төрлийн тамхи худалдаалахыг хориглосон. Гэтэл бодит байдал лангуун дор далд тамхины бизнес байсаар байгаа юм. Иймд гишүүдийн зүгээс цахилгаан тамхийг олон нийтийг газар, битүү орчинд татахыг хориглох, татварыг өндөр тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

Энэ удаагийн УИХ-аар хэлэлцэж байгаа Тамхины хяналтын тухай хуульд утаат болон цахилгаан тамхины татвар болон бусад зохицуулалтыг нарийвчлан зааж өгөх хэрэгтэй нь дээрх баримтууд харуулж байгаа юм.