Энэтхэгийн нийслэл Дели хотод цельсийн 49 хэмд хүрч халжээ

Энэтхэгийн хойд нутгаар хэт халж нийслэл Дели хотын зарим хэсэгт агаарын температур цельсийн 49 хэмд хүрсэн нь урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй  үзүүлэлт болжээ. 3-р сараас хойш Энэтхэгийн нийслэлд тав дахь удаагаа хэт халалттай холбоотой үзүүлэлтүүд шинэчлэгдэж байгаа юм.

Агаарын хэм ойрын өдрүүдэд өндөр хэвээр байх төлөвтэй байгаа тул анхаарал сэрэмжтэй байхыг ард иргэддээ тус улсын эрх баригчид уриалжээ. Тухайлбал нярай хүүхдүүд, ахмад настнууд, архаг хууч өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ. Энэтхэгийн Цаг Уурын Хүрээлэнгийн мэргэжилтний мэдээлснээр Энэтхэгийн хойд нутгаар сүүлийн өдрүүдэд хэт халсан бөгөөд цаашид зарим бүс нутагт агаарын температур 2-4 хэмээр буурах төлөвтэй байгаа ч энэ нь дорвитой нөлөө үзүүлэхгүй юм байна. Хэт халалт үргэлжилж байгаатай холбоотойгоор тус улсын хууль тогтоогчид  улаан буудай, арвай, эрдэнэ шиш зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоо түр хугацаагаар зогсоосон байна. Агаарын хэм хэт халж байгаа нь газар тариалангийн бүтээгдэхүүний гарцад нөлөөж, цаашид хүнсний хомсдол нүүрлэж болзошгүй тул ийм шийдвэр гаргажээ. Мөн хэт халалтын улмаас бага насны хүүхдүүд болон өндөр настнууд нарны хэт ягаан туяанд хордох, түлэгдэх, шингэн дутагдах зэрэг шалтгааны  улмаас амиа алдах эрсдэл тулгарсаар байгаа юм. Өнгөрсөн 3-р сараас хойш хэт халалтын улмаас Энэтхэгт  30 орчим иргэн амиа алдаад байна.