Цар тахлын хорио цээр цуцлагдсантай холбоотой дотоодод ажиллах хүчний тоо буурсан боловч хилийн хориг суларснаар гадаад улсыг зорих иргэдийн урсгал эрс нэмэгджээ.
- Манай улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны 1.2 сая ажиллах хүч байна. Үүнээс 1.1 сая нь ажиллагчид буюу ажил эрхэлж байгаа иргэд юм.
- Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 73,6 мянган хүнээр өсжээ. Харин өмнөх улиралтай харьцуулахад 1300 хүнээр өссөн байна.
- Ажиллах эрхэлж байгаа иргэдээс гадна 892,8 мянган хүний 46.5 мянга нь цалин хөлс, орлого олох, ажил хайх, эсвэл ажил хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч юм.
- Харин одоогийн байдлаар ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 3.2 мянгаар, өмнөх улирлаас 5.0 мянгаар өссөн байна. Энэ нь цар тахлын үед үйл ажиллагаагаа зогсоосон аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байсан иргэд юм.
Улсын хэмжээнд боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 62.3 мянгаар буурч, өмнөх улирлаас 1.4 мянгаар өссөн байна. Энэ нь хил гааль нээгдэж ажиллах хүч гадаад руу гарч байгаа нь нөлөөлж байгаа боловч нөгөөтээгүүр иргэд цар тахлын хүнд үе өнгөрсөнтэй холбоотой эрчимтэй ажил хайх болсноос шалтгаалсан гэлээ.
Хөдөлмөрийн насны хүн амд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 53.1 хувь болж, өмнөх улирлаас 0.5 нэгж хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 3.0 нэгж хувиар өссөн байна. Хүйсээр авч үзэхэд эрэгтэйчүүдийнх 59.8 хувь, эмэгтэйчүүдийнх 47.0 хувь байгаа юм. Үндсэндээ ажиллах хүчний хувь хэмжээ буурсан нь мөн цар тахлын хүнд нөхцөлд хаагдсан аж ахуй нэгжүүд болон үүдээ барьсан барилгын салбараас үүдэлтэй юм байна.
Харин манай улсаас өнгөрсөн оны эцэст БНСУ-д 154 иргэн цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар зуучлагджээ. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад нэг дахин өссөн хэмжээ юм.