Монгол улсын гадаад өр 25.5 тэрбум ам.долларт хүрчээ

Өнөөдрийн байдлаар Монгол улсын гадаад өр 25.5 тэрбум америк долларт хүрсэн байна. Гадаад өрийн төлбөрийг төсөв, эдийн засагт дарамт учруулахгүйгээр барагдуулах чиглэлд Сангийн яам ажиллаж байгаа гэлээ. Энэ онд “Чингис” бондын үлдэгдэл 137 сая америк долларыг төлж дуусгасан байна. 

Нийт гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний өртэй гэсэн үг. 2022-2024 онд Засгийн газар болон бусад банкуудын гадаад зах зээлээс босгосон бондын эргэн төлөлтийг хийх хуваарьтай. Нийтдээ 14.5 тэрбум америк долларын өр төлбөр барагдуулах тооцоо гарсан байгаа юм. Сангийн сайдын мэдээллээр өр барагдуулалтын хувьд жилд 200 сая америк долларын төлөлт хийгээд явахад эдийн засагт хүндрэл гарахгүй байхаар зохицуулсан гэж байна.

Засгийн газар 2023 онд “Гэрэгэ” бондын 533 сая америк доллар, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая америк долларыг төлөх хуваарьтай байгаа юм. Улсын төсөв алдагдалтай байх нь гадаад өр нэмэгдэх шалтгаан болдог. Хэр их алдагдалтай байна тэр хэмжээгээр гадаад өрийн өсөлт ажиглагддаг гэдгийг УИХ-ын гишүүд үзэж байна.

Манай улс шиг хөгжиж байгаа оронд гадаад өр хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирж байгаа тохиолдолд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, хаалга, хөшөө барихад зарцуулагдвал урт хугацаанд эдийн засгийн үр ашиггүй дүр зураг ажиглагдах юм. Цаашлаад хөрөнгө оруулалтууд буурах эрсдэлтэйг эдийн засагчид хэлж байгаа юм. 

Уул уурхай дээр түшиглэсэн эдийн засагтай учир ихэнх өрийг уг салбар авч байгаа. Гэвч төмөр замаа тавиагүй удааширснаас 500 гаруй сая долларыг авто тээврийн үйлчилгээний зардалд гадагш төлж байгаа юм. Тиймээс төр зөв бодлогоор хөрөнгө оруулалт, гадаад өрийн зохицуулалтыг хийх шаардлага үүсэж байгаа юм.