“Сармагчны цэцэг” өвчний халдварын тохиолдлууд иргэдийнх нь дунд анх удаа илэрснийг Израил, Швейцар, Австри улсуудын эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлжээ. Ингэснээр уг халдварт өвчний халдварын батлагдсан тохиолдол илэрсэн улс орнуудын тоо 15-д хүрчээ.
Израил, Швейцар улсуудад саяхан гадны улс орнуудад аялаад ирсэн тус тус нэг иргэнээс нь дээрх өвчний вирус илэрсэн тухай мэдээлжээ. Израилд халдварын сэжигтэй тохиолдол хэд хэд илэрснийг мөн судалж байгаа юм байна.
Африк тивийн баруун болон төв бүсээс угшилтай сармагчны цэцэг өвчний вирус хүнээс хүнд халдварласан тохиолдол ховорт тооцогддог байна. Уг өвчнөөр халдварласан тохиолдолд хөнгөн хэлбэрээр өвчилж, 2-3 долоо хоногийн дотор эдгэрдэг юм байна. Шинж тэмдгийн хувьд бие дээр тууралт гарах бөгөөд тэр нь хэсэг хугацааны дараа арилдаг байна. Ихэвчлэн дархлаа суларсан хүмүүс уг вирусээр халдварлах магадлал өндөр ч хүндээр өвдөх эрсдэл бага, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэж шинжээчид хэлж байна.
Энэ сарын эхээр Их Британид анх сармагчны цэцэг өвчний вирус илэрсэн бөгөөд одоогоор Европын орнууд, АНУ, Канад, Австралид нийт 90 орчим тохиолдол батлагдаад байна. Урьд өмнө илэрч байсан түүхгүй улс орнуудад хүртэл сармагчны цэцэг өвчний вирус тархах магадлал өндөр байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас саяхан анхааруулсан юм. Одоогоор сармагчны цэцэг өвчний эсрэг тусгайлсан бүтээсэн вакцин байхгүй. Гэхдээ салхин цэцэг өвчний вакцин 85 орчим хувийн үр дүнтэйгээр сармагчны цэцэг өвчнөөс хамгаалдаг гэсэн цөөн хүмүүсийг хамарсан судалгааны үр дүн байдаг байна. Тиймээс дэлхийн зарим улс орнууд салхин цэцгийн вакциныг нөөцөлж эхлээд байна.
Сармагчны цэцэг өвчний вирусийн тархалтын хүрээ томоохон хот суурин газрууд, ижил хүйстэн эрчүүдээр ихэвчлэн хязгаарлагдаж байгаа тул нийт хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулах магадлал “маш бага” гэж үзэж байгаагаа Их Британийн Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ.