2021 онд БНЭУ, АНУ-ын худалдааны эргэлт 120 тэрбум ам.долларт хүрснээр Хятад улсыг ардаа орхисон талаар “Блүүмберг” агентлаг мэдээлжээ. Харин өнгөрсөн онд Энэтхэг, Хятадын худалдааны эргэлт 115 тэрбум ам.долларт хүрсэн нь Делигийн худалдааны гол түнш нь Бээжин бус Вашингтон болсныг илэрхийлж байна гэж тус агентлаг үзэж байна.
АНУ-ын Худалдааны яамнаас мэдээлж байгаагаар, 2021-2022 онд АНУ, Энэтхэгийн хоёр талын худалдааны эргэлт 120 тэрбум ам.доллар болсон байна. 2020-2021 оны санхүүгийн жилд энэ үзүүлэлт 81 тэрбум ам.доллар байжээ. Тэгвэл Хятадтай хийсэн Энэтхэгийн худалдааны хэмжээ 2020-2021 онд 86 тэрбум ам.доллар байсан бол 2021-2022 онд 115 тэрбум доллар болсон байна. 2021-2022 онд Энэтхэгээс АНУ-д хийсэн экспорт өмнөх санхүүгийн жилийн 51.62 тэрбум ам.доллароос 76.11 тэрбум ам.доллар болсон бол импорт 29 тэрбум ам.доллароос 43.31 тэрбум ам.долларт хүрч өсжээ.
Харин Энэтхэгээс Хятад руу гаргасан экспорт 2020-2021 оны 21 тэрбум ам.доллароос 22 тэрбум ам. Доллар болж бага зэрэг нэмэгдсэн бол импорт мөн хугацаанд 65 тэрбум ам.доллараас 95.5 тэрбум ам.доллар болж өссөн байна. Шинэ Дели, Вашингтон эдийн засгийн харилцаагаа улам бэхжүүлэхээр ажиллаж байгаа тул Энэтхэг, АНУ-ын худалдаа өсөх хандлага ирэх жилүүдэд ч ажиглагдана гэж худалдааны мэргэжилтнүүд үзэж байна. Энэтхэгээс АНУ руу эм тариа, үнэт эдлэл, газрын тос, нефтийн бүтээгдэхүүн, хөлдөөсөн сам хорхой, бэлэн хоол гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг голчлон экспортолдог бол АНУ-ын импортын гол бүтээгдэхүүнүүдэд газрын тос, боловсруулаагүй алмаз, шингэрүүлсэн байгалийн хий, алт, нүүрс, бүйлсний самар зэрэг ордог байна. 2021-2022 оны эдийн засгийн жилд энэтхэгтэй 72.9 тэрбум ам.долларын худалдаа хийсэн үзүүлэлтээр гуравдугаарт АНЭУ бичигдэж байна. Тус улсын дараа Саудын Араб, Ирак, Сингапур оржээ.