УИХ-ын гишүүд “Төрийн өмчит болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн барилаа. Уг тогтоолын төсөлд зөвхөн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг нэмж байгуулахгүй байх мөн тэдгээрийн тайлан балансыг ил тод болгох тухай тусгажээ.
“Монгол улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэж үндсэн хуульдаа заасан боловч, төрийн өмч зонхилсон бүтэц, тогтолцоотой болжээ. Тухайлбал, 2012-2020 оны хооронд улсын төсвийн зарлага ДНБ-ний 33,2 хувьтай тэнцэж, ДНБ-ний 22,2 хувийг төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлжээ. Монгол улсад нийт татвар төлөгч 228 гаруй аж ахуйн нэгж байна. Дээрх 107 компани нь үүний 0,05 хувьтай тэнцэж байна. Нийт аж ахуйн нэгжүүдийн 99,95 хувь нь татварын нийт орлогын үлдсэн хэсгийг төлдөг гэсэн үг. Өнөөдөр төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээд нээлттэй, ил тод байдал дутагдсанаас хөрөнгийн үр ашиггүй зарцуулалт бий болох, удирдлагын алдаатай шийдвэрт хариуцлага тооцдоггүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж, авлига тэлэхэд нөлөөлж байна гэж гишүүд үзэж байна.
Тус тогтоолын төсөл батлагдсанаар олон хэвшил бүхий эдийн засгийг бодитоор хөгжүүлэх, ДНБ-д төрийн салбарын эзэлж буй жин хэмжээг бууруулах, хувийн хэвшилд суурилсан чөлөөт эдийн засгийн тогтолцоог баталгаажуулах, баялгийн хуваарилалтаа зохистой, шударга байхад ахиц дэвшил гарна гэж хууль тогтоогчид үзэж байна.