Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж энэ жил 12.6 мянган тонн мах нөөцөлсөн байна. Үүнээс одоогийн байдлаар 9 мянга орчим тонн нөөцийн мах үлджээ. Нөөцийн махны үлдэгдэл их байгаа учраас яаралтай зарж борлуулах арга хэмжээ авч эхэлсний нэг нь Нийслэлийн төр захиргааны 61 байгууллагын албан хаагчдад нөөцийн мах худалдан авах санал гаргасан явдал байлаа. Харин үүн дээр иргэд янз янзын байр суурьтай байна.
2022 онд 23 аж ахуйн нэгж, нийт 12.6 мянган тонн махны нөөцийг бэлтгэжээ. Нөөцийн мах худалдаанд гарахад эхний сар гаруй хугацаанд эрэлт их худалдан авалт ч сайн байсан бөгөөд худалдах цэгүүдийг нэмж, үнийг хоёр удаа хямдруулахад худалдан авалт багассан байна. Тиймээс нөөцийн махны үлдэгдэл их байгаа учир төрийн албаныханд нэгдсэн байдлаар өгч, төлбөрийг дараа авах зохицуулалт хийх шийдвэр гаргажээ. Харин нөөцийн махнаас хэдэн килограммыг төрийн албан хаагчдад борлуулна гэсэн тоо гаргаагүй гэлээ
Нийт нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхэр, 10 хувь нь ямааны мах бөгөөд 1-2, 3-4 килограммаар савлаж зарж байна. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 539 дэлгүүр, худалдааны төв нөөцийн мах зарж байна. Махны үнийн хувьд килограмм нь үхрийн мах 8900 төгрөг, ямааны мах 6900 төгрөг, хонины мах 7750 төгрөг, харин бүтнээр нь буюу гулуузаар 7550 төгрөгөөр худалдаалж байна. Энэ нь нойтон махнаас хоёр дахин хямд үнэ ч гэлээ иргэд худалдаж авахгүй байгаа юм.
Тэгвэл албаныхны зүгээс бэлтгэсэн нөөцийн махнаас нөөц үлдээхгүй хэмээн мэдэгдсэн юм. Харин яам энэ жил нөөцийн махны үлдэгдэл их гарсан нь хавар цаг агаарын нөхцөл байдал сайн байсантай холбон тайлбарлаж байсан бол иргэд өөр байр суурьтай байна. Нөөцийн махны борлуулалтыг сайжруулахын тулд цаашид худалдааны цэгүүдийг нэмэхээр төлөвлөж байгаа гэлээ.