Монгол бол хөдөө аж ахуйн орон. Мал аж ахуй, газар тариалангийн салбар нь эдийн засгийн хоёр тулгуур багана болж хүн амаа эрүүл хүнсээр бүрэн хангаж байсан үе бидэнд бий. Харин одоо энэ байдал эсрэгээр эргэж хүнсний аюулгүй байдал алдагдан эрүүл хүнс хэрэглэж байгаадаа байнга эргэлзэх болсон гэж иргэд хэлж байна.
- Дэлхий дээр бактери, вирус, шимэгч хорхой, хорт химийн бодисоор бохирдсон хоол хүнс хэрэглэсний улмаас жил бүр 600 гаруй сая хүн өвдөж, 420 мянган хүн нас бардаг гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ.
- Харин манай улсад жилд дунджаар 400-500 хүн хоол хүнснээс шалтгаалсан нянгийн гаралтай халдварт өвчнөөр өвчилдгийг Үндэсний статистикийн хорооны судалгаагаар тогтоожээ.
- ЭМЯ, НЭМҮТ-өөс явуулсан хүн амын хүнс, тэжээлийн судалгаагаар нийт өрхийн 65 хувьд нь хүнсний баталгаат байдал буюу чанар, хүртээмж алдагдсан гэсэн дүн гарсан байна.
- Өнөөгийн Монголчууд бид 3 сая гаруй хүн амтай, 70 гаруй сая толгой малтай, 1 сая гаруй га тариалангийн эргэлтийн талбайтай улс оронд амьдарч байна. Гэтэл хүнсний хэрэглээнийхээ талаас илүү хувийг импортоор авч байгаа нь эрсдэлт нөхцөл мөн гэж судлаач, мэргэжилтнүүд үзэж байна.
НҮБ-аас хүн амын хүнсний нийт хэрэглээний 50 хувийг импортоор оруулж ирдэг улс орныг хүнсний аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэж үздэг байна. Гэтэл манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 40-50 хувь, жимс жимсгэнийн 90 орчим хувийг өмнөд хөршөөс импортоор авдаг. Олон нийтийн зүгээс ч хүнсний бүтээгдэхүүн чанар, баталгаат байдал улам муудаж байгааг хэлж байна.
Дотоодын томоохон үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ эрүүл, аюулгүй байдал, чанарт хэрхэн анхаарч ажилладаг, цаашлаад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц байж чадаж байгаа эсэхийг бид тодруулсан юм. Жишээлбэл эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрийн махаар “Мах Импекс” компани бүтээгдэхүүн хийсэн байх магадлалтай гэсэн мэдээллийг компанийн зүгээс үгүйсгэлээ.
Нөгөө талд уламжлалт арга буюу гар аргаар байгалийн гаралтай, химийн орцгүй, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байдаг. Үүнд хөдөө аж ахуйн салбар буюу хоршооллын хэлбэрээр нэгдсэн бүлэг иргэд энэ төрлийн үйл ажиллагааг түлхүү явуулдаг байна.
Манай улсад хүнс боловсруулах 1880 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байгаа юм. Дээрх үйлдвэрүүдийн чанар, аюулгүй байдалд анхаарч, хүнсний аюулгүй байдлын тухай хуульд хариуцлагын тогтолцоог чангатгахаар төлөвлөсөн байна.
Манай улсын хувьд хүнсний хангамж дундаж үзүүлэлттэй боловч экспорт, импортын зохистой харьцаа алдагдаж, импортоос хараат орны тоонд багтдаг. Нөгөө талаас иргэд өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө хоол хүнсээ сонгохдоо маш хариуцлагатай хандах хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл хүнсний аюулгүй байдал нь иргэдийн худалдан авалт, зохистой хэрэглээтэй шууд холбоотой гэсэн үг юм.