Он дуустал дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлохыг түр зогсоолоо

Сүүлийн 10 хоногийн хугацаанд махны эрүүл ахуй, аюулгүй байдлын асуудал нийгмийн анхаарлыг ихэд  татсан. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар энэ он дуустал дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлохыг түр зогсоох шийдвэр гаргалаа. Мөн эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудалд буруутай албан тушаалтанд хариуцлага тооцож, хуулийн байгууллагаар шалгуулахаар болжээ.

Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг долоо хоногийн хугацаанд махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, зохих журам дүрмийг мөрдүүлж ажиллах чиглэлийг өгсөн байна. Энэ үеэр махны чиглэлийн үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгжүүдэд урт хугацаанд хяналтгүй явж ирсэн нь тогтоогдсон байна. Энэ дагуу дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 31 ААН-ийн 16-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргажээ. Мөн махны анхан шатны бэлтгэхээс эхлээд мах, махан бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүх үйл явцын стандартыг шинээр батлах юм байна.

Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүдийг үе шаттайгаар Улаанбаатар хотоос нүүлгэн шилжүүлж, үйлдвэрийн нэгдсэн паркийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Хяналт шалгалтыг хангалттай хийгээгүй Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж, МХЕГ, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын зарим албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагад шилжүүлэхээр болсон байна.