Хөгжлийн банкны зээлийн нийт үлдэгдэл 3.2 их наяд төгрөг байна

Хөгжлийн банкны асуудлаар байгуулсан хянан шалгах түр хорооны хуралдаан боллоо. Нийт чанаргүй 1.3 их наяд төгрөгийн зээлээс өнөөдрийн байдлаар 240 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн байна. Одоо зээлийн нийт үлдэгдэл 3.2 их наяд төгрөг болжээ.

Хөгжлийн банкны зээлийн 1.7 их наяд төгрөг нь хувийн хэвшлийн зээл байна. Хөтөл болон Кью Эс Си компанийн нийт зээлийн үлдэгдэл 521 тэрбум төгрөг байгаа юм. Харин төрийн өмчит компаниудын 987.9 тэрбум төгрөгийн зээлээс 208.1 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагатай акт хүлээж авчээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын мэдээллээр АТГ, ЭЦГ, прокурор дэмжлэг үзүүлэн ажиллаж, үр дүн гарч байгаа гэдгийг хэллээ.

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанаргүй зээл нь 2014, 2015 онуудад үүссэн байдаг. Ялангуяа ТОСК, НОСК-тай холбоотой их хэмжээний зээл гарсан. Анх энэ зээл арилжааны зорилготой байсан. Гэтэл хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт хийж орон сууц баригдсаны дараа тухайн үеийн хоёр ч Засгийн газар дамжиж орон сууцуудын нэг хэсгийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, нөгөө хэсгийг үнэгүй олгочихсон байгаа юм.

Мөн Эгийн голын УЦС ТӨК-д бүртгэлтэй 48.7 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд байна. Эгийн голын УЦС болон Тавантолгой ДЦС-ын төсөлд зориулан 50 сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг хөгжлийн банкаар дамжуулан гаргасан. Гэвч төсөл хэрэгжээгүйтэй холбоотойгоор эргэн төлөгдөөгүй, чанаргүй ангилалд оржээ. Засгийн газраас ТЭЗҮ-д мэргэжлийн дүгнэлт гаргуулж, зээлийн авлагыг хэрхэн барагдуулахыг Эрчим хүчний сайд даалгасан байна.

Төрийн өмчит компаниудын 355.5 тэрбум төгрөг, Кью Эс Си ХХК-ийн 191 тэрбум, хөтөлийн 329 тэрбум төгрөгийг шийдвэрлэхэд Хөгжлийн банк оны эцэст хэвийн байдалд очих бүрэн боломжтой юм байна.