Эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдахын тулд иргэд олон хоног зарцуулж байна

Монгол улсын иргэдийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-ээс эхэлсэн. Тэгвэл нэг жилийн хугацаанд үргэлжлэх үзлэг оношилгоо зарим дүүрэг хороодод  зохион байгуулалт муу, иргэдийн идэвх сул  байна.

Тухайлбал, 61-ээс дээш насны иргэдийн багцын үзлэгийн шинжилгээнд “Өтгөн дэх далд цус илрүүлэх шинжилгээ”-нд орохын тулд тухайн хүн 72 цагийн хугацаанд биеэ бэлдэн, цагаан хоол идэх, өтгөнөө зориулалтын саванд хийх зэргээр шинжилгээнд орохын тулд  тодорхой хоногийг зарцуулдаг байна. Мөн ходоодны дурангийн үзлэгт орсоны дараа тус төхөөрөмжийн угаалтийг хийж дараагийн хүнийг оруулах зэрэг техник болон бусад хүчин зүйлээс шалтгаалж үзлэг оношилгоог хийхийн тулд дор хаяж 10 гаруй хоногийн зарцуулж байна. 

Иргэд өөрийн төрсөн сардаа багтаан 2-7 хоногийн хугацаанд үзлэг, шинжилгээндээ хамрагдах ёстой. Өрхийн эмнэлгээс товлолт өдөр буюу урилга очсон өдөр хуваарьт эрүүл мэндийн байгууллагад очиж, шинжилгээнд хамрагдах юм. Гэвч иргэдийн зүгээс ажлын цагаар очиж үзүүлэх боломжгүй, завтай үедээ очиж үзүүлье гэсэн хариуг хэлдэг гэлээ.

Иргэдийн зүгээс эрт илрүүлэг үзлэг оношилгоог хүндрэл чирэгдэлгүй, зөв зохион байгуулалттайгаар 2-3 жилд нэг удаа зохион байгуулахыг дэмжиж байгаагаа илрэхийлж байсан юм.