Фэйсбүүк, инстаграм зэрэг цахим орчин дахь мэдээллийг дэлхийн 62 улсад худал үнэн эсэхийг хэрэглэгч уншихаас өмнө нь ялгаж тэмдэглэгээ хийдэг болсон. Үүний адил манай улсад цахим орчин дахь мэдээллийг олон улсын баримт шалгалтын төв хянана гэлээ.
Энэ талаар Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төвөөс мэдээлэл өгөхдөө "Цахим сүлжээгээр хуурамч, ташаа мэдээллийг хил хязгааргүй түгээж байгаа нь мэдээллийн цар тахлын тулгамдсан асуудал болж байна гэлээ. Мэдээллийн цар тахал нь олон сөрөг үр дагаврыг авчирч байгаа. Худал мэдээллийг бууруулахын тулд Google, Mета зэрэг томоохон компаниуд тодорхой бодлого стратеги баримтлан ажилладаг байна. Ташаа мэдээллийн тархалтыг бууруулах "Mета"-гийн албан ёсны түнш нь Mонголын баримт шалгах төв болсон" гэлээ.
Дэлхийн 80 гаруй байгууллагатай 60 хэлээр баримт шалгаж мэдээлэл хүргэж байсан. Харин одоо нэмэлтээр Монгол, Казах хэлээр баримт шалгах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, 62 хэлээр фэйсбүүк, инстаграм зэрэг платформд баримт шалгах боломжтой болж байна гэсэн үг юм байна. Ингэснээр аливаа сошиалд тархаж байгаа мэдээ худал, төөрөгдүүлсэн, бүрэн бус гэсэн шошготой болох юм байна.
Тус компаниас манай улсын нийгмийн сүлжээгээр түгээж буй мэдээллийг хянаснаар тухайн мэдээ худал бол тодорхой тэмдэглэгээг фэйсбүүк дээр тавина. Тэр мэдээлэл яагаад худал гэдгийг линк дээр дарж баримт шалгалтын тайлгаас харах боломжтой гэдгийг тэд хэлсэн юм. Ингэснээр сошиал хэрэглэгчдийн мэдэх эрхийг хангаснаас гадна худал мэдээллээс урьдчилан хамгаалах боломжтой болоод байна.