Оросын Батлан хамгаалах яамнаас Украины Донбассын бүс нутагт багтдаг хоёр мужийн нэг болох Луганскийн газар нутгийн 90 орчим хувийг хяналтдаа оруулснаа мягмар гарагт мэдэгджээ. Мөн Донецкийн газар нутгийн тал орчим хувь Оросын цэргийн хяналтад байгааг Украины тал өмнө нь мэдээлж байсан юм.
Украины зэвсэгт хүчин 2014 оноос хойш Донбасст салан тусгаарлагчидтай тулалдаж байгаа бөгөөд Оросын зэвсэгт хүчин хоёр сар орчмын өмнө Украины нийслэл Киев хотыг эзлэх төлөвлөгөөнөөсөө ухарч, зөвхөн Донбассыг бүрэн хяналтдаа оруулах зорилт тавьснаа мэдэгдсэн юм. Дайны эхэн үед Оросын арми Украины өмнөд хязгаарын Херсон мужийг бүхэлд нь, Запорожье мужийн томоохон хэсгийг эзлэн авсан юм. Одоо эдгээр мужуудын тусгаар тогтнолыг зарлах, эсвэл ОХУ-д нэгтгэх асуудал яригдаж эхэлсэн. Харин Луганск мужийн Северодонецк, Лисичанск хотуудын төлөө ширүүн тулаан талуудын хооронд үргэлжилж байна.
Тэгвэл өрнөдийн орнуудаас Украинд илгээсэн алсын тусгалын хүнд зэвсэг техникүүд Донбассын Фронтын нөхцөл байдлыг өөрчилнө гэж мэргэжилтнүүд үзэж байна. Жо Байдены засаг захиргаа Украинд илгээх M-142 пуужингийн системийн сургалтыг Герман болон Европын бусад хэсэгт эхлүүлжээ. 70 км хүртэлх зайд олон пуужингийн өндөр нарийвчлалтай цохилт өгөх чадвартай уг зэвсгийг бүрэн эзэмшхэд гурван долоо хоногийн сургалт шаардагдах юм. АНУ-аас гадна Герман, Их Британи улсууд хамгийн орчин үеийн пуужингийн системээ Украинд илгээх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм.