Австрали эрчим хүчний хямралыг даван туулахын тулд нүүрсний цахилгаан станцуудаа дахин ашиглана

Австралийн эрх баригчид эрчим хүчний хямралыг даван туулахын тулд ашиглалтаас гаргасан нүүрсний цахилгаан станцуудаа дахин ажиллуулахаар төлөвлөж байна. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Энтони Албанез мягмар гарагт мэдэгджээ.

Австралийн Ерөнхий сайдын мэдээлснээр 2020 оноос эхлэн нүүрсээр ажилладаг хуучирсан цахилгаан станцуудыг ашиглалтаас гаргасан нь “Улс орныг эрчим хүчний хямрал руу хөтөлсөн гол хөдөлгөгч хүчин зүйл” болжээ. Тиймээс "Австралид 30 хүртэлх хувийн нэмэлт хүчин чадалтайгаар өвлийг даван туулахын тулд" Оператор компаниуд эдгээр станцыг аль болох хурдан дахин ашиглалтад оруулах шаардлагатай байгаа гэжээ. Нүүрсний цахилгаан станцуудыг зогсоосны улмаас үүссэн эрчим хүчний хомсдолыг нөхөх сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр тус улсад хангалтгүй байгаа тул эдгээр станцад хөрөнгө оруулахаас татгалзаж, ашиглалтаас гаргасан нь цаг хугацааны хувьд эртэдсэн шийдвэр байсан гэдгийг Австралийн Ерөнхий сайд онцолжээ. "Бид үнэхээр нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг дахин ашиглалтад оруулах хэрэгтэй. Яагаад гэвэл яг одоо энэ бол хямралаас гарах цорын ганц арга зам юм" гэж сайд цохон тэмдэглэсэн байна.

Мөн хийн хомсдолд орж, цахилгаан эрчим хүчний үнэ өссөний улмаас Австрали улс түүхэн дэх хамгийн ноцтой эрчим хүчний хямралд хүрэхэд ойрхон байгааг тус улсын эрчим хүчний сайд Крис Боуэн өмнө нь мэдэгдэж байжээ. Австралийн эрх баригчдын мэдээлснээр, зүүн өмнөд болон зүүн эрэгт нь огцом хүйтэрсний улмаас хэрэглэгчдийн хий, цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдсэн бөгөөд энэ нь дэлхийн эрчим хүчний үнэ өндөр байгаатай зэрэгцэн нийлүүлэлтийн хямрал, их хэмжээний тасалдал үүсгэсэн байна. Тус улсад энэ сарын эхний долоо хоногт 1 гигажоуль буюу 25 шоо метр хийн үнэ 800  австрали долларт хүрчээ. Өмнөх оны мөн үед энэ хэмжээний байгалийн хийн үнэ дөнгөж 10 ам.долларт байжээ. Ийнхүү хийн үнэ урьд хожид тохиолдож байгаагүйгээр буюу өмнөх оны мөн үеэс 80 дахин өсөөд байгааг эрчим хүчний компаниуд нь мэдээлжээ.