Их Британий Консерватив намын парламентын гишүүд Ерөнхий сайд Борис Жонсонд итгэл үзүүлсэн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн даваа гарагт явуулсан нууц санал хураалтад парламентын 211 гишүүн Борис Жонсоныг ажлаа үргэлжлүүлэхийг дэмжсэн бол 148 гишүүн итгэл үзүүлэхгүй гэсэн санал өгсөн байна.
Ийнхүү тэрбээр Их Британийн төрийн эрх баригч Консерватив намын тэргүүн, улсын Ерөнхий сайд хэвээр үлдэхээр болжээ. Борис Жонсоныг албан тушаалаас огцруулах үйл явцыг эхлүүлэхэд эрх баригч Консерватив намын 359 гишүүнээс хамгийн багадаа 180 хүний санал шаардлагатай байсан юм. Өмнө нь Консерватив намаас парламентад сонгогдсон гишүүдийн 15-аас доошгүй хувь нь буюу 54 хүн Борис Жонсонд итгэл үзүүлэхгүй байгаагаа илэрхийлсэн захидлыг Их Британийн нийтийн танхим дахь Консерватив намын бүлгийн дарга Грэм Брэйдид илгээжээ. Энэ тохиолдолд тус хороо намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах ёстой байдаг байна.
Захидал бичих болсон шалтгаан нь Борис Жонсон 2020-2021 онд ковидын хатуу хөл хорионы үеэр Даунинг-Стрит дэх оффистоо үдэшлэг зохион байгуулсан нь илэрч албан тушаалаасаа огцрох асуудал яригдаж эхэлсэн байна. Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас явуулсан дотоод шалгалтын дараа намын гишүүдийн дунд Ерөнхий сайддаа дургүйцэх байдал улам бүр нэмэгдээд байжээ.