Өнгөрсөн даваа гарагаас Их Британид дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийн туршилт эхэлжээ. Өмнө нь цөөн ажлын өдөртэй долоо хоногийг ийм өргөн хүрээнд туршиж байгаагүй тул дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Банк санхүүгийн байгууллагаас эхлээд түргэн хоолны ресторан зэрэг олон төрлийн компаниуд уг туршилтад оролцож байна. Туршилтын үеэр ажилтнууд өмнөх ажлын цагийнхаа 80 хувьд ажиллах ч цалингаа 100 хувь авах юм байна. Мөн ажлын гүйцэтгэл нь өмнөхтэйгөө ижил байх амлалтыг ажилчид өгчээ. Туршилтыг Кэмбрижийн их сургууль, Оксфордын их сургууль, Бостоны коллежийн судлаачид хамтран зохион байгуулж байна. Ажлын өдрийг цөөрүүлснээр ажилтнуудын сэтгэл зүйн байдал, эрүүл мэнд сайжирч үүнийхээ хэрээр ажлын бүтээмж нь сайжрах тул байгууллагын гүйцэтгэлд өөрчлөлт орохгүй гэж судлаачид тооцоолж байгаа юм байна. Ийм ажлын горимыг 2015-2019 оны хооронд Исланд улсад хоёр удаа туршихад нийт 2,500 төрийн албан хаагчийг хамруулж байжээ. Их Британид эхэлж байгаа туршилтаас өмнө энэ нь хамгийн томд тооцогдож байсан юм. Бүтээмж буураагүй ч ажилтнуудын сэтгэл санаа, эрүүл мэнд мэдэгдэхүйц сайжирсан үр дүн Исландын туршилтаас гарч байжээ.
Сүүлийн жилүүдэд Швед, Дани, Норвеги зэрэг улсын эрх баригчид зарим салбарын ажилчдыг ажлын 4 өдөртэй байлгахаар хуульчилсан. Мөн ажлын нэг өдрийг цахимаар явуулах, зайнаас ажиллах сонголтыг бий болгосон байна.