Малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 90 хувиар буурчээ

Манай улс сүүлийн хоёр жил махны экспорт хийгээгүй байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дулааны аргаар мах боловсруулах 100 гаруй үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд 2021 онд гэхэд л 22 мянган тонн мах экспортолжээ. Харин энэ онд 10 мянган тонн мах экспортлохоор төлөвлөсөн ч Засгийн газрын шийдвэрээс болж зогсоод байна.

Манай улс 2019 оноос дулааны аргаар мах боловсруулж эхэлснээр ОХУ, БНХАУ, Африкийн улс орнуудад мах экспортолдог болсон. Харин БНСУ, Вьетнам улс руу бага хэмжээгээр мах гаргадаг байна. 2018 онд хамгийн өндөр буюу 70 мянган тонн махыг экспортолсон байгаа юм. 2019 онд 58.3 мянган тонн, 2020 онд 38 мянган тонн мах экспортолжээ. Засгийн газраас өнгөрсөн 5-р сарын 4-нд махаа экспортлох чиглэлийг дотоодын үйлдвэрүүдэд чиглэл өгсөн байна. Гэтэл өчигдөр он дуустал дулааны аргаар мах экспортлохыг түр хориглосон нь буруу шийдвэр гэдгийг Монголын махны холбооноос үзлээ.

2022 оны дөрөвдүгээр сарын импорт, экспортын статистик мэдээллээр малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 90 хувиар буурсан байна. Монгол улсаас БНХАУ-д адууны мах экспортлох эрхтэй 12 аж ахуйн нэгж, хонь ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй 6 аж ахуйн нэгж, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй 15 аж ахуйн нэгж байгаа юм. Хамгийн гол хууль эрх зүйн тал дээр өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм байна.

Махны экспортод хамгийн ихээр нөлөөлж байгаа зүйл бол малын өвчлөл. Мөн малчдын мал бэлтгэх арга учир дутагдалтай. Махаа бэлдээд ачаад гаргах дэд бүтэц, боомтууд манай улсад хөгжиж чадахгүй байсаар байгаа юм. Нөгөөтээгүүр махны экспорт зөвхөн урд, хойд хоёр хөршид адууны мах гаргахаар хязгаарлагдаж байна. Махны үйлдвэрлэлийн эрүүл ахуй, үйлдвэрлэлийн дадал, ариун цэвэр, малын эрүүл мэнд, ачаа тээврийн шаардлага хангасан байдал, технологийн горим зэрэг технологийн асуудлууд хамгийн түрүүнд тавигдаж байна.

Манай улс хүн амын дотоодын хэрэгцээнд жилд дунджаар 10-12 сая толгой мал хэрэглэдэг. Бид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй жилд 9 сая толгой мал буюу 180 мянган тонн мах экспортлох боломжит нөөцтэй гэж байна. Хятад улс манай хамгийн ойр, томоохон боломжит зах зээл гэдэгтэй маргах хүн үгүй. Тиймдээ ч манай нийт махны экспортын 80 хувь орчим нь БНХАУ руу гардаг.