Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын гол цэг болох Замын-Үүд боомтын үйл ажиллагаа цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд тасалдсан. Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хангалттай хэмжээнд сэргэж амжаагүй байхад энэ сарын 2-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод "Ковид-19"-ийн халдварын тохиолдол дахин бүртгэгдсэн тул Замын-Үүд боомтын үйл ажиллагаа цаашид дахин доголдох эрсдэл үүсээд байна.
2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод "Ковид-19"-ийн халдварын 7 тохиолдол илэрч, 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар халдварын 240 тохиолдол нэмэгдэж бүртгэгдсэн. Улмаар тус хотод хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийж үргэлжлүүлэн энэ сарын 3-ны өдөр Хятад улсын үндэсний баяр болж нэг хоног хил албан ёсоор хаасан. Баярын үед хилийн үйл ажиллагаа хэвийн явагдах байсан ч одоо чингэлэг ачааны 50 хувь нь ажиллаж байна.
2022.06.04-ний өдөр 39 чингэлгээр ачаа тээвэр орж ирсэн бол 2022.06.09-нд нийт 31 чингэлэг тээвэр тус тус тээвэрлэгдэж улсын хилээр орж ирсэн. Энэ нь 5-р сарын чингэлэг тээвэрлэлтээс 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Улмаар нарын ногоо болон бусад бараа бүтээгдэхүүн хилээр орж ирээгүй учир нийслэл хотод нарын ногоо тасалдаж эхэлсэн байна.
Тэгвэл хүнсний ногоо, эм, эмнэлгийн хэрэгсэл бусад бараа бүтээгдэхүүн тун удахгүй хэвийн тээвэрлэгдэх урьдчилсан мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар Эрээн хотын гаалийн хяналтын талбайд Монгол улс руу илгээхэд бэлэн гааль хийгдсэн 280 орчим чингэлэг байна. Харин нөхцөл байдал хүндрэх болон эргэн хэвийн үйл ажиллагаандаа орох талаар одоогоор албан ёсны мэдээлэл урд хөршөөс өгөөгүй байна.