АНУ, БНСУ-ын хамтарсан зэвсэгт хүчин 20 сөнөөгч онгоцоо Умард Солонгосын хилийн ойролцоо нисгэжээ

Өнгөрсөн мягмар гарагт АНУ, БНСУ-ын хамтарсан зэвсэгт хүчний 20 сөнөөгч онгоц Умард Солонгосын хилийн ойролцоо нислэг үйлджээ. Энэ үйлдэл нь Умардын талаас хийж байгаа аливаа өдөөн хатгалгад эрс шийдэмгий хариу үйлдэл үзүүлэх чадвартай гэдгээ харуулах зорилготой байсныг Сөүлийн эрх баригчид мэдэгджээ.

Энэ сарын 6-нд Умард Солонгосын тал Зүүн тэнгис рүү найман ширхэг пуужин харваж, туршсан бол маргааш нь Өмнөд Солонгос, АНУ-ын талаас мөн ижил тооны газар-газар ангиллын пуужинг хариу харваж, Умардын өдөөн хатгалгыг цаашид тэвчихгүй гэдгээ илэрхийлсэн юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман Умард Солонгосын цөмийн аюулын эсрэг хамтран ажиллах асуудлыг хэлэлцэхээр Сөүлд ирээд байгаа юм. Тэрээр Умард Солонгос цөмийн зэвсэг туршвал “хатуу бөгөөд шуурхай” хариу арга хэмжээ авахыг айлчлалынхаа үеэр анхааруулжээ.

Өмнөд Солонгосын өмнөх Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп нарын үед талуудын харилцаанд түр зуур эерэг уур амьсгал бий болж байсан ч сүүлдээ буцаж хурцадсан юм. Сарын өмнө тангараг өргөсөн Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сок Ёлийн засаг захиргаа Умард Солонгосын дэглэмтэй харилцах харилцаандаа хатуу бодлого баримтлах төлөвтэй байна гэж ажиглагчид үзэж байна.