ЕХ-ны улс орнуудад 2035 оноос дизель, бензин хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг хориглоно

Европын парламентын хууль тогтоогчид өнгөрсөн лхагва гарагт бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогын хүрээнд ирэх арван жилд бензин, дизель хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг хориглох бэлтгэл ажлыг эхлүүлж байна. Энэ ажлын хүрээнд 2035 оноос бензин, дизель хөдөлгүүртэй автомашиныг худалдаалахыг бүрэн хориглох шийдвэр гаргалаа. Европын холбооны орнууд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1990 оны түвшнээс 55 хувь бууруулах ерөнхий зорилгын хүрээнд уг шийдвэрийг гаргасан байна.

Өчигдөр дэмжигдсэн хуулийн төсөл уг төлөвлөгөөний нэг хэсэг юм байна. Шинэ хуулийн дагуу 2035 оноос хойш Европын холбооны зах зээлд худалдаалагдах шинэ автомашинууд бүгд дотоод шаталтын хөдөлгүүргүй байх болно. “Европын холбооны хүлэмжийн хийн нийт ялгаруулалтын 15 хувь автомашинаас эх үүсвэртэй байдаг. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгодоо хүрэхэд энэ хууль чухал ач холбогдолтой юм” гэж Евро Парламентын Ногоон намын бүлэг өчигдөр мэдэгджээ. Форд, Вольво зэрэг автомашин үйлдвэрлэгчид Европын холбооны төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Харин цахилгаан автомашиныг цэнэглэх дэд бүтэц бэлэн биш байгаа нь төлөвлөгөөг хугацаанд нь хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулна гэж зарим үйлдвэрлэгчид болгоомжилж байгаа талаар мэдэгджээ. Өнгөрсөн онд Европын холбооны зах зээлд зарагдсан шинэ автомашинуудын 18 орчим хувь нь бүрэн цахилгаан болон хосолсон хөдөлгүүртэй байжээ.