Шри Ланка улсад энэ оныг дуустал нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ импортлоход 6 тэрбум ам.доллар шаардлагатай 

Шри Ланка улсад зөвхөн хүнс, шатахуун, бордоо зэрэг зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн импортлоход 6 тэрбум ам.доллар хэрэгтэйг Ерөнхий сайд Ранил парламентдаа үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Өнгөрсөн сард тус улс түүхэндээ анх удаа гадаад өрөө төлж чадалгүй дефолт зарласан юм. Одоо эрх баригчид нь эдийн засгаа аврах төлөвлөгөөг олон улсын валютын сантай хэлэлцэж байгаа бөгөөп Ерөнхий сайд Ранилын мэдэгдсэнээр  22 сая хүн амтай Шри Ланка улсын хагас жилийн шатахууны хэрэгцээнд 3.3 тэрбум, хүнсэнд 900 сая, бордоонд 600 сая, ахуйн хэрэгцээний шатдаг хийд 250 сая ам.доллар хэрэгтэй байна. Тус улсын парламент саяхан засгийн газартаа Энэтхэгийн Экзим банкнаас 55 сая ам.долларын хөрсний бордоог зээлээр авах зөвшөөрөл өгсөн юм. Мөн НҮБ 48 сая ам.долларын хүнсний тусламж үзүүлэх амлалт өгснийг Ерөнхий сайд нь мэдээлжээ. Түүнчлэн БНХАУ-аас 1.5 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг туслалцаа авах талаар засгийн газар нь хэлэлцэж байгаа гэжээ. Шри Ланкын эдийн засгийн хямралд цар тахал, эрчим хүчний үнийн өсөлт, татварыг бууруулах популист шийдвэр голлон нөлөөлсөн гэж үздэг.

Өнгөрсөн 5-р сарын инфляц жилийн эхнээс 39 хувиар өссөн. Тус улсын хамгийн том хот Коломбод хүнсний барааны үнэ энэ хугацаанд 57 хувиар өссөн байна. Ерөнхий сайд Ранил ирэх сард улсын төсөвт тодотгол хийх саналтай байгаагаа мэдэгдсэн байна. Улмаар нэмүү өртгийн албан татварын хэмжээг даруй 8-аас 12 хувь болгон өсгөх, бизнесийн орлогын албан татварын хэмжээг 10-р сараас эхлэн 24-30 хувьд хүргэх саналууд багтсан байна.