В.Путин Украинд эхлүүлсэн дайнаа I Петр хааны Шведэд явуулсан дайнтай зүйрлэв

Владимир Путины сүүлийн 18 жилийн турш уламжлал болгон зохион байгуулж байсан телевизийн шууд нэвтрүүлэг энэ сард зохион байгуулагдагдахгүй гэдгийг албаны эх сурвалжууд баталсан. Сүүлийн саруудад Владимир Путин жил бүр уламжлал болгон оролцдог байсан арга хэмжээнүүдийг мөн алгасаад байгаа бөгөөд  энэ оны 4-р сард түүний зохион байгуулдаг холбооны зөвлөлийн хурал хойшлогдсон, товоо одоо хүртэл зарлаагүй байгаа юм. Мөн өнгөрсөн сард Сочи хотноо жил бүр болдог мөсний Хоккейн тэмцээнд оролцох товтой байсан ч тэрбээр очохоос татгалзсан байна. Уламжлал болсон үйл явдлууддаа оролцолгүй өнгөрсөн нь түүний  эрүүл мэндтэй холбоотой байж болзошгүй гэсэн таамаглал байгаа юм. 

Түүнчлэн Владимир Путин өнөөдөр 1-р петр хааны мэндэлсний 350 жилийн ойд хүндэтгэл үзүүлэхдээ Украинд явуулж буй эзлэн түрэмгийллээ зөвтгөсөн мэдэгдэл хийжээ. Тэрбээр хаанд зориулсан музейд цөөн хором зочилсныхоо дараа хэлэхдээ “Их Петр хаан 21 жилийн турш умардын их дайныг явуулж байсан. Тэрбээр  Шведтэй дайтаж, ямар нэг зүйл булаан эзэлсэн гэсэн  ойлголт байдаг. Гэхдээ тэр тэднээс юу ч аваагүй, Оросын хуучин газар нутгийг л буцааж авсан юм” гэжээ. “Оросын газар нутгийг буцаан авч, улс орноо хүчирхэгжүүлэх нь өнөөдөр бидний үүрэг хэвээр байна. Хэрвээ уг үнэт зүйл маань бидний оршин тогтнох үндэс гэдгийг ойлгож чадвал зорилгоо амжилттай биелүүлэх нь гарцаагүй” гэж Путин үргэлжлүүлэн хэлжээ. ОХУ-ыг 23 дахь жилдээ удирдаж байгаа Владимир Путин сүүлийн жилүүдэд Украиныг бие даасан үндэстэн биш гэсэн санааг байнга давтаж, Оросын түүхэн үйл явдлуудыг өнөөдөртэй харьцуулан жиших болсон гэж ажиглагчид үздэг байна. 

2021 оны долоодугаар сард Кремль түүний бичсэн 7.000 орчим үгтэй “Орос, Украины түүхэн нэгдлийн тухай” өгүүллийг нийтлүүлж байсан юм. Уг өгүүлэлдээ тэрбээр  Орос, Украин хоёрыг зохиомлоор хуваагдсан нэг үндэстэн гэж тайлбарлаж байжээ. Уг нийтлэл нь Оросын зэвсэгт хүчин Украинд халдан довтлох үндэслэл болсон юм. Путин мөн  Украиныг тусгаар улс болох үндсийг тавьсан Владимир Ленинийг шүүмжилж, Зөвлөлт холбоот улсыг хатуу гараар нэгтгэн захирч байсан Иосиф Сталиныг магтан сайшааж байсан юм.