Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Лос-Анжелес хотноо үндэсний хандивлагчдын хүлээн авалтад оролцох үеэрээ өнөөдөр 4 дэх сардаа үргэлжилж буй Украины дайн гарна гэдэгт өмнө нь хэн ч итгэхгүй байсан талаар ярьжээ. Тэрбээр “Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ийм үйл явдал огт болоогүй. Тиймээс олон хүн намайг дэгсдүүлэн сүржигнэж байна гэж бодож байсан” хэмээн хэлжээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “АНУ-ын Тагнуулын байгууллагын цуглуулсан мэдээлэл Владимир Путиныг хилийн дээс алхах гэж байгааг баталж байсан. Энэ огтхон ч эргэлзээ төрүүлэхгүй байсан ч Украины ерөнхийлөгч Зеленський энэ талаар сонсохыг ч хүсээгүй” хэмээн мэдэгдсэн байна. Уулзалтын үеэр Жо Байден Украинд цаашид ямар тусламж дэмжлэг үзүүлэх талаараа ярьжээ.
Өнгөрсөн ням гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Сингапур улсад болж буй Шангрила-ийн уулзалт, Аюулгүй байдлын чуулганд цахимаар оролцож үг хэлжээ. Тэрбээр “Оросын эхлүүлсэн энэ дайнд бид ялах нь тодорхой. Дэлхийг ирээдүйд хэн захирахыг өнөөдөр Украины дайны талбар дээр шийдэж байна” хэмээн хэлжээ. Мөн тэрбээр ОХУ-ын эрх баригчид Хар тэнгисийн экспортын замд хаалт тавьж Ази, Африкийн олон улс орныг өлсгөлөнд нэрвэгдүүлэх төлөвлөгөөтэй байгааг мэдэгджээ.
Луганск мужийн Северодонецк хот одоо Украины дайны хамгийн халуун цэг болоод байгаа төдийгүй нурж сүйдсэн хотын гудамжнуудад ширүүн тулаан үргэлжилж, талууд эн тэнцүү байгаа талаар эх сурвалжууд өнөөдөр мэдээлжээ.