Манай улсын хэмжээнд хүүхдийн 56 зуслан бүртгэлтэй байна. Цар тахлаас шалтгаалж сүүлийн хоёр жил хүүхдийн зуслангууд ажиллаагүй ч энэ зунаас 40 гаруй нь хэвийн ажиллаж эхлээд байна. Хүүхдийн зуслангийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 25-38 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Зуслангийн хоногийн ханшийг 2019 онтой харьцуулахад дунджаар 20 мянган төгрөгөөр нэмэгджээ. 2019 оны байдлаар хүүхдийн зуслангийн нэг өдрийн тариф 30-35 мянган төгрөгийн ханштай байсан юм. Тэгвэл энэ онд нэг өдрийн ханш нь 50-55 мянга болж нэмэгдсэн байна. Бидний очсон Янзага зуслангийн 7 хоногийн төлбөр 320 мянган төгрөг байгаа юм. Хоёр жил зусланд яваагүй хүүхдүүдэд үндсэн хөтөлбөрүүдээс гадна, нэмэлтээр биеийн дархлаа, хөдөлгөөн, хичээл хоцрогдлыг арилгах хөтөлбөрүүдийг тусгаж өгчээ.
Зуслангууд хүчин чадлаасаа хамаараад нэг ээлждээ 60-300 хүүхэд элсүүлдэг байна. Мөн хүүхдийн зусланд явахад шаардлагатай эрүүл мэндийн хуудсыг явах зуслангаас хамаарч хаана ч өгөх боломжтой юм. Янзага зуслангийн хоёрдугаар ээлжид орон нутаг болон Улаанбаатар хотоос амрагч хүүхдүүд ирсэн байна.
Өнгөрсөн жилээс Засгийн газар зуслангуудыг дэмжиж, хөгжлийн хөтөлбөрийг нь тусгай аргаар үнэлэн санхүүжилт олгож эхэлсэн. Мөн зусланд тавигддаг шаардлага шинэчлэгдсэн ба өмнө нь байр танхим зэрэг орчны асуудал голдуу ордог байсан бол энэ жилээс хөгжлийн хөтөлбөрийн чанарыг нэмж оруулсан байна.
Зуслангууд хөгжлийн хөтөлбөрийг шинэ стандартын дагуу хэрэгжүүлснээр хүүхдийн хөгжилд оруулах хувь нэмэр нь илүү нэмэгдэх юм байна. Нөгөө талаар зуслангууд төслөөс санхүүжилт авч хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүрээнд эерэг өрсөлдөөн ч бий болж аль сайн чанартай хөтөлбөртэй зуслан илүү санхүүжилт авах боломж давхар бүрдэж байгаа юм.