Нийслэл Улаанбаатар хотыг анх 600 мянга гаруй хүн амд зориулж төлөвлөн барьсан бол өдгөө хүн амын тоо 1.3 сая болж өсжээ. Жил ирэх тусам хөдөө орон нутгаас хотыг зоригсдын тоо нэмэгдэж, ихэвчлэн үерийн эрсдэлтэй газар буусаар байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд үер усны аюултай бүсэд нийт 3000 гаруй айл өрх амьдарч байна.
Улаанбаатар хот дөрвөн уулаар хүрээлэгдсэн, үерийн эрсдэлтэй бүсэд тооцогддог. Тиймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлж суваг, шуудуу, далангаа сайн барих хэрэгтэй хэмээн ярьдаг ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг цогцоор нь шийдэж чадаагүй. Шинээр суваг, шуудуу барьсан ч анхаарахгүй байсны улмаас хогоор дүүрдэг учраас зэргэлдээх айл өрхийн хашаа руу орох эрсдэл үүсдэг.
Улаанбаатар хотын хэмжээнд үерээс хамгаалах 168 км далан суваг, инженерийн байгууламж бий. 1950-1970 оноос өмнө булаг шанд байсан газрууд хатаж ширгэснээс хүмүүс төдийлөн мэдэхгүйгээр суурьшсан тохиолдол цөөнгүй. 10-20 жил зүгээр амьдарч байсан газарт булаг шанд бий болж, халиа дошин үүсэж байна гэдэг гомдол ийм учиртай юм. Нийслэлээс зөвшөөрөлгүй үер усны аюултай бүсэд буусан айл өрхүүдийг өөр газар байрших газрыг нь зааж өгдөг ч нүүдэггүй гэж байна.
Жилийн жилд үерт автаж, халиа дошин үүсдэг газарт айл өрхүүд байсаар байгаа юм. Тэдгээр иргэд амьдрах орчин нөхцөлөө сайжруулахад сэтгэл зовнидоггүйн дээр ус урсах суваг шуудуу гаргах, элстэй шуудай тавих зэргээр гэр байшингаа хамгаалахад анхаардаггүй, нүүдэггүй байдлаас болж өөрсдөө хохирч байгаа юм. Нийслэлийн хэмжээнд жилдээ халиа дошин, үер усны асуудлыг арилгахад 200 сая төгрөг зарцуулдаг байна.