Хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд суралцаж чадахгүй байна

Ерөнхий боловсролын сургуулийн хичээл тарж, ирэх хичээлийн жилийг угтсан анги засварын ажлын төлөвлөгөө гарчээ. Сургуулийн их засвар, анги засварын ажил зуны турш үргэлжилдэг ч чанар стандартын асуудал орхигдох нь цөөнгүй байдаг. Сургуулийн засварт хэрэглэгдэж байгаа барилгын материалууд нь өнөөг хүртэл эрүүл ахуйн шаардлага хангадаггүй хэвээр байгааг  мэргэжилтнүүд хэлж байна.  

Өнөөдөр Монгол улс нэг хүүхдэд 1.4 сая төгрөгийн боловсролын үйлчилгээ үнэгүй үзүүлж.улсын хэмжээнд нэг сая хүүхэд суралцаж байна. 260 мянган хүүхэд цэцэрлэгт, 600 мянган сурагч ерөнхий боловсролын сургуульд, 160 мянган оюутан их, дээд сургуульд суралцаж байгаа бол 100-аад мянган хүн боловсролын байгууллагад ажиллаж байна. Энэ том салбар хүүхдэд ээлтэй болохын тулд олон ажлыг хийж хэрэгжүүлдэг ч хамгийн чухал нь сургуулийн орчин эрүүл аюулгүй байх нь чухал гэдгийг орхигдуулж иржээ. Тодруулбал анги засварт хэрэглэж байгаа барилгын материал нь бүгд стандарт хангахгүй байна.

Тэгвэл жил болгоны 9-н сард будаг нь ханхалдаг их засварын ажил дуусдаг ч төсөв хүртээмжгүй, засварын стандарт хангаагүй муу үр дагавар дагуулдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Чанаргүй бүтээгдэхүүн, шаардлага хангахгүй засварын шалтгаан нь төсөв мөнгөний асуудал байдаг. Учир нь анги засварын төсөв хангалттай тусгагдаж чадахгүйн улмаас хямд материал сонгохоос өөр аргагүй байдаг. Хэдийгээр эцэг эхээс мөн мөнгө татдаг ч хүрэлцдэггүй байна.

Боловсролын тухай болон төсвийн тухай хуульд сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой хандив тусламж авах тухай заалт байдаг байна. Иймд хуулийн хүрээнд эцэг, эхчүүд өөрсдийн санаачилгаар анги засварын ажлыг хийдэг байна. Харин чанар хяналтыг Боловсролын яамнаас шалгадаг тул эх эцгүүд, сурагчид энэ талаар гомдол гаргах боломжтой гэлээ.