2021 онд улсын хэмжээнд 87 удаагийн усны осол гарч, 99 хүн амиа алджээ. Харин 2022 он гарсаар усны дуудлага мэдээлэл гурав бүртгэгдсэн байна. Тэгвэл нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойгоос Маршалын гүүр, Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр, Маршалын гүүрнээс Яармагийн гүүр, Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр, Маршалын гүүрнээс Сонсголонгийн гүүр болон Нисэхийн эцсийн хадан хясаа, Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас хадан хошуу, Тэрэлжийн гармаас Майхан уул гэсэн маршрутаар иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн аврах ангийн хоёр бүлэг завьт эргүүл хийж байна. Завьт эргүүл сүүлийн таван жилийн хугацаанд 330 орчим хүний амь насыг авран хамгаалжээ.
Цаг уурын байгууллагын мэдээллээр голуудын усны түвшин үерийн түвшинг 10-55 см даван үерлэсэн байгаа юм байна. Ховд, Онон, Улз, Хэрлэн гол Багануур дүүрэг , Мөнгөнморьт сумын орчмоор үерийн түвшин 5-55 см давсан бол балж гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 33 см даван үерлэж байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Ирэх 7 хоногт зарим нутгаар түр зуурын бороо орохыг сэрэмжлүүллээ.