Монгол улсад тууштай шашингүй үзэлтэй хүмүүс 1994 онтой харьцуулахад 1.6 дахин нэмэгджээ

Дэлхий дахинд Өрнө, дорнын нийлээд 4000 орчим  “Шашин”  байдаг байна. Насанд хүрсэн 10 хүн тутмын зургаа нь хамгийн багадаа сард нэг удаа сүм хийдэд очдог бол энэ байдал сүүлийн 50 жилийн хугацаанд тасралтгүй өссөн байна.. Харин Монгол улсын иргэдийн хувьд 70-аас дээш хувь нь шашин шүтдэг байна.

Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгээс "Монгол улс дахь шашин шүтлэгийн төлөв байдал" сэдвээр судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдагсдын 77.4% нь шашин шүтэгчид, 22.6% нь шашин эс шүтэгчид байгаа дүн гарсан байна. Тодруулбал  16-30 хүртэл насныхны 70.4% нь, 30-50 хүртэлх насныхны 79.6% нь, 50-иас дээш насныхны 84.6% нь тус тус өөрийгөө шашин шүтдэг, шүтлэг бишрэлтэй гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, нас нэмэгдэх тусам сүсэг бишрэлтэй байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Харин өчигдөр бурхан багшийн их дүйчэн өдөр тохиосон. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Уг өдрийг Монгол улсад 1990 оноос хойш тэмдэглэх болсон бөгөөд  2020 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон өнгөрөөж байгаа юм. Энэ өдрийг иргэд хэрхэн өнгөрүүлж байгаа талаар тодрууллаа.

Харин Монгол улс дахь шашны урсгал, чиглэлүүд гэвэл  Язгуурын бөөгийн шүтлэг, буддын, Христийн, Исламын, шинэ буюу нэн шинэ шашин гэсэн үндсэн 5 бүлэгт хуваагддаг . Судалгааны дүнгээс үзвэл буддын шашныг судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 56.6%, сүсэгтнүүдийн 70.3% нь уламжлалт буддын шашнаа шүтэж байна. Христийн шашныг нийт судалгаанд хамрагдагсдын 6.6%, харин сүсэгтнүүдийн 8.2% нь шүтэж байна. Исламын шашны хувьд эдгээр үзүүлэлт 5.5% ба 6.8%, бөөгийн шашны хувьд 9.5 хувь нь шүтдэг гэсэн судалгаа гарчээ.