ОХУ эзлэн түрэмгийллээ эхлүүлснээс хойш Украины 7 сая гаруй иргэн бусад улс руу дүрвэжээ

ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд халдан довтолсноос хойш 3 сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд Украины 7 сая гаруй иргэн эх орноосоо дүрвэж, томоохон хотууд сүйрч, олон мянган энгийн номхон иргэд амиа алдсан талаар НҮБ-аас мэдээлж байна. 

Сүүлийн 100 хоногийн хугацаанд Украины 7 сая гаруй иргэн эх орноо орхин гарсан бөгөөд үүнийг дэлхийн 2-р дайнаас хойш хамгийн богино хугацаанд үүссэн дүрвэгсдийн хямрал гэж үзэж байна. НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын газраас мэдээлснээр өнгөрсөн 100 хоногийн хугацаанд хоногт 400 мянга гаруй иргэн улсынхаа хилийг давжээ. Мөн энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм. Тэдгээр дүрвэгсэдийн 4 сая орчим нь Польш улс руу, 2 сая орчим нь румын улс руу дүрвэсэн байна. Нас хүйсээр нь ангилан авч үзвэл, Украинаас дүрвэсэн нийт иргэдийн 30 орчим хувь нь бага насны хүүхдүүд, 50 орчим хувь нь эмэгтэйчүүд, 20 хувь нь ахмад настнууд байна. 

Зарим дүрвэгсдийн цуваа Украинаас хэдэн мянган бээрийн алсад орших Мексик-Америкийн хилийн зурваст хүрээд байгааг НҮБ-аас онцолжээ. Түүнчлэн улс дотроо дүрвэсэн иргэдийн тоо 14 cаяд хүрээд байна. Тэгвэл  Украиныг цэрэггүйжүүлэх “Тусгай ажиллагаа” хэмээн нэрлэсэн  түрэмгийлэл нь энгийн иргэд рүү чиглээгүй гэж Кремлийн эрх баригчид мэдэгдсээр байгаа ч бодит байдал дээр нөхцөл байдал өөр байгаа юм.