Украины зэвсэгт хүчний нэрийн өмнөөс байлдаж байгаад олзлогдсон Британийн хоёр, Марокко улсын нэг иргэнд Оросын талыг баримтлагч Донецкийн Бүгд Найрамдах улсын шүүх цаазын ял оноох шийдвэрийг энэ сарын 12-ны өдөр гаргажээ. Донецкийн Бүгд Найрамдах улс нь Украинаас салан тусгаарласан Донбассын бүс нутгийн нэг муж бөгөөд ОХУ-аас бусад дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрөөгүй юм.
Их Британийн иргэн Эйден Аслин, Шон Пиннер, Мароккогийн иргэн Брахим Саудун нарыг хөлсний цэрэг байсан, терроризм үйлдсэн гэж шүүх буруутгажээ. Их Британи болон Украины Засгийн газар олзлогдогсдыг хамгаалах олон улсын хуулийг зөрчсөн, үзэл суртлын агуулгатай шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна. Британийн олзлогдогсдын ар гэрийнхэн тэднийг хөлсний цэрэг байгаагүй, Украины армийн алба хаагчид байсныг баталсан бөгөөд шүүхийн шийдвэрийг давж заалдах талаар өмгөөлөгч нар нь мэдээлжээ. Мөн Женевийн Конвенцийн дагуу дайны олзлогдогсдын эрхийг зөрчиж болохгүйг Их Британийн Засгийн газар Донецкийн салан тусгаарлагчдын захиргаанд анхааруулжээ. Иргэдээ Оросын олзны цэргүүдээр солилцох боломжийн талаар Украины эрх баригчидтай ярилцаж байгааг бас мэдээлсэн байна. 28 настай Аслин нь Ноттинхэм хотын уугуул бол 48 настай Пиннер нь Уатфорд хотын харьяат бөгөөд Аслин Украин сүйт бүсгүйтэй, аль аль нь 2018 оноос хойш Украинд амьдарч байжээ. Тэднийг хөлсний цэрэг биш, Украины армид алба хааж байсан тухай ар гэрийнхэн нь мэдээлсэн байна. Аслин, Пиннер нар Мариуполь хотыг хамгаалан тулалдаж байгаад 4-р сард Оросын цэрэгт олзлогджээ.