Хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих боломж хангагдахгүй хэвээр байна

Өнөөдөр манай улсад харааны бэрхшээлтэй 118 мянган иргэн байгаагаас Улаанбаатар хотод 3000 орчим иргэн амьдарч байна. Эдгээр иргэдийн хувьд замын хөдөлгөөнд оролцох, нийгмийн харилцаанд ороход тулгамддаг асуудлууд шийдэгдэж чадахгүй хэвээр байна. 

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо Хан-Уул дүүргийн 19-р хороололд байрладаг. Харааны бэрхшээлтэй иргэд асуудлаа шийдвэрлүүлэх, сургалтад суух зэрэг нийгмийн асуудлаар энэ төвийг ихэнхдээ зорьдог байна. Гэвч тус газрын ойр орчимд харааны бэрхшээлтэй иргэн бие даан зорчиход хүндрэлтэй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Одоогоос хоёр жилийн өмнө харааны бэрхшээлтэй нэгэн иргэн хөтөч цагаан таягаа мартсанаас үүдэн Монголын хараагүйчүүдийн төвийг зорин явж байхдаа траншейны нүхэнд унаж амиа алдсан. Гэвч уг харамсалтай хэрэг гарснаас хойш одоог хүртэл тус газар хараагүйчүүдийн хувьд зорьчих орчин бүрдэхгүй хэвээр байна.

Явган хүний зам, түүний эргэн тойрон дахь тохижилтыг гүйцэтгэж байгаа байгууллага, хүлээн авсан хүмүүс ч хараагүйчүүдийн зорчих эрхийг зөрчихөд оролцсон гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд шүүмжилсэн юм.