Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон эцэг, эхийн тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргалаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг сурган хүмүүжүүлэгчийн цалингийн 30 хувийн урамшууллыг тогтвортой олгох, цаашид нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн эцэг, эхийн аль нэгнийх нь нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даадаг болох тухай, халамжийн тэтгэвэрт тэтгэмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Асран хамгаалагчдад 123 мянган төгрөг өгдөг бол насанд хүрсэн иргэнд 85 мянган төгрөг олгодог. Үүнийг хөгжлийн бэрхшээл, хөдөлмөрийн чадварын хувь алдалтаас шалтгаалж өөр, өөр дүнгээр тогтоох чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Энэ сарын 8-нд Ерөнхий сайд байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг, эхчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзсан. Энэ хүрээнд тархины саажилттай, уналт таталттай хүүхдүүдийн уналт таталтын эсрэг эмийн хангамжийг яаралтай шийдвэрлэхээр болсны дагуу төлбөрийн төрөөс даахаар болсон юм. Саажилттай хүүхдүүдийн эцэг, эхчүүд ёзоорын мэдрэлийг таслах хагалгаа хийлгэхээр гадаад улсыг их зорьдог. Энэ хагалгааг олон хүүхдэд хүртээмжтэй байлгахын тулд хоёр нэр төрлийн хагалгааг эх орондоо хийх, төлбөрийг төрөөс даах асуудлыг судалж, есдүгээр сард багтан танилцуулахаар болжээ.
Олон улсын эмчилгээний багийг авч ирэхэд зардлаас эхлээд олон асуудал байгаа учраас засгийн газраас судалгаа хийж, тодорхой шийдвэрүүдийг гаргах юм байна. Хамгийн гол нь цаашид дотооддоо дээрх хагалгааг хийх нь өртөг бага, давуу тал олон юм.