Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох тогтоолыг байнгын хороогоор хэлэлцлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ, Д.Цогтбаатар нарын өргөн мэдүүлсэн “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсөлд УИХ-ын гишүүнтэй уулзах, чуулганы үйл ажиллагаатай танилцахаар ирсэн иргэдэд Төрийн ордонд нэвтрэхэд энгийн хувцастай орох боломж бүрдэж байна. 

Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд, хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцохоор тогтоосон байдаг. Дээрх хэмжээсээр Төрийн ордны урд зүгт байрлах Чингис хааны хөшөөнөөс урагш Төрийн гурван тугийн суурь хүртэлх зай, Төрийн ордны хойно байрлах цэцэрлэгт хүрээлэн буюу “Ардын хувьсгалын талбай” хамрагдаж байгаа юм. Тогтоол батлагдсанаас хойш Төрийн ордны урд, хойд талын хэмжээ заагийг шинэчлэн тогтоож өгнө гэдгийг өргөн мэдүүлсэн гишүүд хэлж байна.

Цаг үеийн нөхцөлөөр нээлттэй, хаалттай байлгах шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй учраас тухайн үеийн нөхцөл байдлаасаа хамаараад зохицуулалтыг хийгээд явах боломжтой байхаар тогтоолд тусгажээ. УИХ-ын дарга ордны хойд талын хашааг буулгах шаардлагагүй. Гуравдугаар зэргийн хамгаалалттай бүсэд хамаардаг. Тиймээс Төрийн ордны хамгаалалтын бүсээс гарсан ч Засгийн газрын буюу цагдаагийн хамгаалалтад байх ёстой гэдгийг хэллээ.

Мөн Төрийн ордонд байрлаж үйл ажиллагаа явуулдаг байгууллага, албан тушаалтуудын ажил үүргээ хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, Төрийн ордонд нэвтрэх албан хаагчдын хувцаслалтын код болон хамгаалалттай холбоотой бусад харилцааг журамласан байна.